МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2021 оны 11 сарын 26-ны өдрийн №104 зарлигаар Б.Чимидийн нэрэмжит МУИС-ийн Хууль зүйн сургуулийг түшиглэн байгуулагдсан. Энэ зарлигийг үндэслэн МУИС-ийн Захирлын 2022 оны I сарын 13- ны өдрийн №А/11 тушаалаар Хүрээлэнгийн дотоод журмыг баталж, улмаар 2003 онд МУИС-ийн ХЗС-ийн дэргэд байгуулсан Хүний эрхийн төвийг тус хүрээлэнд нэгтгэсэн.
Монгол Улсын анхны ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой, МУИС үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ойн босгон дээр буюу 2022 оны IX сарын 01-ний өдөр МУИС-ийн ХЗС болон Хүрээлэнгийн шинэ байрны шав тавих ёслол болсон. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, МУИС-ийн захирал Б.Очирхуяг, МУИС-ийн ХЗС-ийн захирал Б.Амарсанаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал, Хүрээлэнгийн захирал О.Мөнхсайхан болон тус сургуулийн эрдэмтэн багш, ажилтан, оюутан, төгсөгчид, төрийн болон бусад байгууллагуудын төлөөлөл оролцсон. Энэхүү бүтээн байгуулалт нь МУИС-ийн ХЗС-ийн 60 гаран жилийн түүхэн дэх хамгийн том хөрөнгө оруулалт бөгөөд Монгол Улс дахь үндсэн хуулийн эрх зүйн салбар, цаашлаад хууль зүйн шинжлэх ухаан, хууль зүйн дээд боловсролыг олон улсын түвшинд хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр болж байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Хүрээлэнгийн брошурыг татаж авах бол ЭНД дарна уу.