Шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ №1

Нийтэлсэн огноо: 2022.12.10

Хуваалцах Жиргэх

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХУУЛЬ ТАЙЛБАРЛАХ ЭРХ

(2012 оны Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргаан)

С. Бат-Орших

Үндсэн хуулийн цэц, 2015 он 03 сарын 11 өдөр, Дүгнэлт №3

 

  1. МАРГААНЫ ТОЙМ

Улсын Их Хурлаас 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Монгол Улсын шүүхийн тухай хууль (цаашид “2012.ШтХ” гэх)-ийг батлан гаргасан. Энэ хуулийн 17 дугаар зүйлд Улсын дээд шүүхийн бүрэн эрхийг хуульчлан заасан бөгөөд тус зүйлийн 17.3.1 дэх заалтад "Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргах бөгөөд тайлбарыг тогтмол нийтлэх;” гэж хуульчилсан байсан.

Иргэн О.Баясгалан, Г.Нацагдорж нар дээрх  2012.ШтХ-н 17.3.1 дэх заалт Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4 дэх заалтад “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах;”, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт “Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ.” гэж заасныг тус тус зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргасан.

Үндсэн хуулийн цэц 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн дунд суудлын хуралдаанаараа энэхүү маргааныг хэлэлцээд, 2012.ШтХ-н 17.3.1 дэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 50.1.4 болон 51.1 дэх заалтыг тус тус зөрчсөн байна гэж дүгнэсэн. Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг Монгол Улсын Их Хурал 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хэлэлцээд тогтоол №71-г гаргасан. УИХ уг тогтоолоор 2012.ШтХ-н 17.3.1 дэх заалт нь Монгол улсын Үндсэн хуулийн 51.1 дэх заалтыг зөрчөн байна гэснийг хүлээн зөвшөөрсөн боловч,  Монгол улсын Үндсэн хуулийн 50.1.4 дэх заалтыг зөрчсөн байна гэдгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн. Улмаар, Үндсэн хуулийн цэц 2015 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн их суудлын хуралдаанаараа, Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны дүгнэлт №3-ийг үндэслэлтэй байна гээд, 2012.ШтХ-ийн 17.3.1 дэх заалт болон УИХ-н тогтоол №71-н холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай тогтоолыг гаргасан.

 

  1. ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН АГУУЛГА

 

  1. “Монгол Улсын Үндсэн хуульд Улсын дээд шүүх ямар замаар Үндсэн хуулиас бусад хуулийг тайлбарлахыг шууд заагаагүй боловч мөн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. Улсын дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ.” гэж заасан. Үүнээс үзэхэд Монгол Улсын Үндсэн хуульд Улсын дээд шүүхийн шийдвэр ба Улсын дээд шүүхийн тайлбар хэмээх ойлголтыг томъёолж, улмаар Улсын дээд шүүхээс хэргийн болон хэм хэмжээний тайлбар гаргах тухай үзэл санааг илэрхийлсэн байна. Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалтад Улсын дээд шүүхээс зөвхөн хэрэг, маргааныг хянан шийдвэрлээд гаргасан шийдвэр шууд хуулийн албан ёсны тайлбар болохоор зохицуулсан нь энэ талаарх Үндсэн хуулийн үзэл баримтлал хийгээд зохицуулалтад үл нийцсэн гэж үзэх үндэслэлтэй байна.”
  2. “Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилсан тохиолдолд Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгох тухай Үндсэн хуулийн дээр дурдсан заалтыг Монгол Улсын шүүхийн тухай хуулиар хэрхэн хэрэгжүүлэх талаарх зохицуулалт орхигдсон байна. Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулиар Улсын дээд шүүхээс хэрэг, маргааныг хянан шийдвэрлээд гаргасан шийдвэрийг хэрхэн хуулийн нэг мөр, албан ёсны тайлбар болгох журмыг тусгайлан зохицуулаагүйгээс үүдэн уг хуулийн холбогдох зохицуулалтын дагуу Улсын дээд шүүхийн аль нэг танхимаас гаргасан шийдвэр бүр хуулийн тайлбар болох нөхцөл бүрдэн, агуулгын хувьд зөрчилдсөн шийдвэр гарсан тохиолдолд хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй болж, Улсын дээд шүүхийн 3-5 шүүгчийн саналаар хуульд тайлбар хийх боломжийг бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.”
  3. “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалтад “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргах ...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4/ дэх заалтад “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах;”, Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ.” гэснийг зөрчсөн байна.”

 

  1. ТАЙЛБАР (COMMENTARY)

Энэхүү шүүхийн шийдвэрээр маргалдсан цөм асуудал бол Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4-т хуульчилсан Монгол Улсын дээд шүүхийн хэрэгжүүлэх “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах” бүрэн эрхийн агуулгыг хэрхэн ойлгох ёстой вэ гэх асуудал юм. Өнөөдрийг хүртэл, энэ асуудлын талаар өөр өөр үзэл баримтлал оршсоор ирсэн бөгөөд энэ нь Шүүхийн тухай 2002, 2012 болон 2021 оны хуулиудаас тодорхой харагдана.

Тухайлбал, 2002 оны Шүүхийн тухай хууль (цаашид “2002.ШтХ” гэх)[1]-аар Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4 дэх заалтын агуулга нь Улсын дээд шүүхийн хэм хэмжээний абстракт тайлбар гаргах утгаар ойлгогдож байсан. Улсын дээд шүүхийн “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах” бүрэн эрх болон түүний хэрэгжилт  2002.ШтХ -н 23 дугаар зүйлээр нарийвчлан зохицуулагдсан байдаг.

Тус хуулиас үзвэл, Үндсэн хуулиас бусад хуулийн заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг Улсын дээд шүүх гаргах бөгөөд (2002.ШтХ-н 23.1), тайлбарыг Улсын дээд шүүхийн шүүгчдийн хуралдаанд оролцогчдын гуравны хоёрын саналаар батлахаар зохицуулж байсан (2002.ШтХ-н 23.6). Ийнхүү Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн гуравны хоёроос доошгүй нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцогддог “Улсын дээд шүүхийн шүүгчдийн хуралдаан”-р батлагдсан хуулийн тайлбарыг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа иргэн, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага дагаж мөрдөнө (2002.ШтХ-н 23.7).

УДШ-с гаргах хуулийн тайлбар 2002.ШтХ-аар 2 ялгаатай үндэслэлээр хийгдэхээр зохицуулагдсан. Эхнийх нь, тус хуулийн 23.2-т “Иргэн, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага хуулийг ойлгох, дагаж мөрдөх, хэрэгжүүлэх, хэрэглэх явцад гарсан эргэлзээтэй, салаа утгаар ойлгож болох заалтыг тайлбарлуулах тухай саналаа Улсын дээд шүүхэд ирүүлнэ.” гэснээр УДШ энэхүү хүсэлтийн дагуу албан ёсны тайлбар гаргах явдал юм.

Дараагийнх нь мөн хуулийн 23.4-т “Анхан, давж заалдах, хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдаанаар хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх явцад гарсан эргэлзээтэй, салаа утгаар ойлгож болох хуулийн заалтыг тайлбарлуулах тухай саналаа талуудын гаргасан тайлбар, үндэслэлийн хамт Улсын дээд шүүхэд ирүүлж болно.” гэснээр УДШ энэхүү хүсэлтийн дагуу албан ёсны тайлбар гаргах явдал юм.

Судлаачдын зүгээс, УДШ-с тайлбар гаргах дээрх 2 ялгаатай үндэслэлийн эхний тохиолдолд тухайн тайлбар нь абстракт буюу хэм хэмжээний хэлбэртэй байдаг бол, хоёр дах тохиолдолд тухайн тайлбар нь казуаль буюу жишгийн хэлбэртэй байдаг гэсэн байр суурийг дэвшүүлэх нь бий[2]. Өөрөөр хэлбэл, энэ байр суурь бол 2002.ШтХ-аар Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4 дэх заалтын агуулга нь Улсын дээд шүүхийн абстракт буюу хэм хэмжээний тайлбар, мөн түүнчлэн казуаль буюу жишгийн тайлбар гаргах утгаар ойлгогдоно гэсэн санаа юм.

Гэвч, эрх зүйн онолын хувьд, шүүхийн казуаль буюу жишгийн хэлбэртэй тайлбар гэдэгт шүүхийн тодорхой нэг бодит хэрэг маргааныг хянан шийдвэрлэх замаар бий болгосон тайлбарыг багтаан ойлгодог[3]. 2002.ШтХ-н 23.4-т заасанчлан “Анхан, давж заалдах, хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдаанаар хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх явцад гарсан эргэлзээтэй, салаа утгаар ойлгож болох хуулийн заалтыг тайлбарлуулах тухай саналаа талуудын гаргасан тайлбар, үндэслэлийн хамт Улсын дээд шүүхэд ирүүлж болно.” гэсний дагуу УДШ энэхүү хүсэлтийг хүлээн авч албан ёсны тайлбар гаргасан тохиолдолд энэ нь жишгийн тайлбар болохгүй юм. Учир нь тухайн хэрэг маргаан нэгэнт Улсын дээд шүүхийн шүүгчдийн хуралдаанаар шийдэгдэхгүйгээс хойш, өөрөөр хэлбэл тухайн хэрэг маргааны тухайлсан фактад холбогдох хуулийн зүйл заалтыг субсумцлах ажлыг Улсын дээд шүүхийн шүүгчдийн хуралдаанаар гүйцэтгэхгүйгээс хойш, УДШ-н тус тайлбарыг жишгийн хэлбэртэй гэж үзэж болохгүй. Тиймээс, анхан, давж заалдах, хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдаанаар хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх явцад гарсан эргэлзээтэй, салаа утгаар ойлгож болох хуулийн заалтыг УДШ-н шүүхийн шүүгчдийн хуралдаанаар тайлбарласан ч гэсэн, энэ нь абстракт тайлбарт хамаарна.

Тиймээс, 2002.ШтХ-аар Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4 дэх заалтын агуулга нь Улсын дээд шүүхийн хэм хэмжээний абстракт тайлбар гаргах утгаар ойлгогдож байсан гэж үзэж болохоор байна.

Гэвч, “Улсын дээд шүүхээс Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргаан шийдвэрлэхтэй холбоогүйгээр гаргах нь шүүх өөрийн чиг үүргийг хэтрүүлэн, дур зоргоор авирлах, хууль тогтоогчийн чиг үүрэгт хөндлөнгөөс оролцох нөхцөлийг бүрдүүлснээр эрх мэдэл хуваарилах зарчимд нийцэхгүй юм.”[4] Ийм ч учраас, 2012 оны шинэчлэн найруулсан Шүүхийн тухай хууль (цаашид “2012.ШтХ” гэх)[5]-аар УДШ-н тайлбар нь жишгийн шинжтэй байхаар хуульчилсан байдаг.[6] Өөрөөр хэлбэл, 2012.ШтХ-н 17 дугаар зүйлийн 17.3.1-т “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргах бөгөөд тайлбарыг тогтмол нийтлэх” гэж заасан байдаг бөгөөд тус хуулиар Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4 дэх заалтын агуулга нь Улсын дээд шүүхийн хэм хэмжээний жишгийн тайлбар гаргах утгаар ойлгогдож байсан.

Өмнө нь дурдсанчлан, Үндсэн хуулийн цэц 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн дунд суудлын хуралдаанаараа 2012.ШтХ-н 17.3.1 дэх заалтыг Монгол Улсын Үндсэн хуулийн 50.1.4 болон 51.1 дэх заалтыг тус тус зөрчсөн байна гэж дүгнэж, улмаар 2015 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн их суудлын хуралдаанаараа дээрх дүгнэлтээ бататгасан тогтоолыг гаргасан.

Үндсэн хуулийн цэцийн дээрх шийдвэрүүдийн дараачаар, 2021 онд шинэчлэн найруулсан “Монгол улсын шүүхийн тухай” хууль (цаашид “2021.ШтХ” гэх)[7] Монгол Улсын дээд шүүхийн хэрэгжүүлэх “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах” бүрэн эрхийн агуулгыг дахин өөр утгаар хуульчилсан. Тодруулбал, нэгдүгээрт, 2021.ШтХ-н “Улсын дээд шүүх, түүний бүрэн эрх”-г хуульчилсан 25 дугаар зүйлийн 25.4-т “Улсын дээд шүүх давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хянан үзэх замаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангана” гэсэн томъёолол шинээр орж ирсэн. Улмаар, тус хуулийн 25.7-д “Улсын дээд шүүх шүүн таслах ажиллагааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд, 25.7.5-д “Улсын дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах тохиолдолд хяналтын журмаар хянан шийдвэрлэх” гэж заажээ. Хуульд дурдсан дараах тохиолдлуудыг нэг нь 25.7.5.а буюу “анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” гэсэн хэсэг юм. 2021.ШтХ-н дээрх зохицуулалтуудаас үзвэл, Улсын дээд шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргасан шийдвэр гэдэг нь УДШ-н казуаль буюу жишгийн тайлбарыг хангалттай илтгэж байна.

Хоёрдугаарт, 2021.ШтХ-н “Улсын дээд шүүх шүүн таслах ажиллагаанаас бусад асуудлаар хэрэгжүүлэх бүрэн эрх”-г хуульчилсан 25 дугаар зүйлийн 25.8-т “шүүхийн шийдвэр, практикт үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг танхимын саналыг үндэслэн гаргах бөгөөд тайлбарыг тогтмол нийтлэх” гэж заажээ. Уг зохицуулалтын Улсын дээд шүүхээс гаргах албан ёсны тайлбар шүүхийн шийдвэр, практикт үндэслэсэн байх ёстой гэх шаардлагаас, тус зохицуулалт нь Улсын дээд шүүхийн абстракт тайлбар гаргах эрхийг аль болох хязгаарлах зорилгыг агуулж байгаа нь тодорхой байна.

Тиймээс, 2021.ШтХ-аар Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4 дэх заалтын агуулга нь нэг талаасаа Улсын дээд шүүхийн абстракт тайлбар гаргах утгаар ойлгогдож байна (Гэхдээ энэ тохиолдолд, Улсын дээд шүүхээс абстракт тайлбар гаргах эрхийг тухайн тайлбар нв шүүхийн шийдвэр, практикт үндэслэсэн байх ёстой гэсэн шаардлага тавих замаар хязгаарлаж байна). Харин нөгөө талаасаа, 2021.ШтХ-аар Улсын дээд шүүхийн жишгийн тайлбар гаргах хууль зүйн боломжийг маш тодорхой байдлаар зохицуулсан байна. Иймд, 2021.ШтХ-аар Улсын дээд шүүхийн хуулийн тайлбар гаргах бүрэн эрхийн асуудлыг “холимог” (гэхдээ Улсын дээд шүүхээс абстракт тайлбар гаргах эрхийг аль болох хязгаарласан шинжтэй) байдлаар шийдвэрлэсэн байна гэж үзэж болохоор байна.

Гэвч судлаачийн зүгээс, 2021.ШтХ-р Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4-т хуульчилсан Монгол Улсын дээд шүүхийн хэрэгжүүлэх “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах” бүрэн эрхийн агуулгыг “холимог” (гэхдээ Улсын дээд шүүхээс абстракт тайлбар гаргах эрхийг аль болох хязгаарласан шинжтэй) байдлаар ийнхүү зохицуулсан нь, асуудлыг бүрэн шийдвэрлэж чадна гэж бодохгүй байна. Учир нь 2021.ШтХ-н дээрх зохицуулалт нь агуулгын хувьд Үндсэн хуулийн цэцийн 2015 он 03 сарын 11 өдрийн Дүгнэлт №3-г зөрчсөн байж болох талтай юм. Тодруулбал, Үндсэн хуулийн цэц тус дүгнэлтэндээ “Үндсэн хуульд Улсын дээд шүүхийн тайлбар хэмээх ойлголтыг томъёолж, Улсын дээд шүүхээс хэм хэмжээний тайлбар гаргах тухай үзэл санааг илэрхийлсэн” гэсэн агуулга нь 2021.ШтХ-н Улсын дээд шүүхээс абстракт буюу хэм хэмжээний шинжтэй тайлбар гаргах бүрэн эрхийг аль болох хязгаарлахыг оролдсон агуулгатай зөрчилдсөн байж болох талтай.

Хэрэв Үндсэн хуулийн цэцийн үзсэнчлэн, “Үндсэн хуульд Улсын дээд шүүхийн тайлбар хэмээх ойлголтыг томъёолж, Улсын дээд шүүхээс хэм хэмжээний тайлбар гаргах тухай үзэл санааг агуулсан” гэж үзвэл, Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4-т хуульчилсан Монгол Улсын дээд шүүхийн хэрэгжүүлэх “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах” бүрэн эрхийн агуулгыг Улсын дээд шүүх казуаль буюу жишгийн тайлбар гаргах утгаар хязгаарлахыг оролдсон аливаа хууль батлах нь тийм ч тохиромжтой арга биш болов уу. Судлаачийн зүгээс, магадгүй энэ асуудлыг шийдвэрлэх хамгийн тохиромжтой арга нь Үндсэн хуулийн өөрчлөлт байж болох юм гэж үзэж байна.

 

[1] Шүүхийн тухай хууль, 2002 он. Тус хууль 2012 оны “Монгол Улсын шүүхийн тухай” шинэ хууль батлагдсанаар хүчингүй болсон. 2002.ШтХ-г дараах холбоосоор үзэх боломжтой. Сүүлд үзсэн 2022.10.16, https://legalinfo.mn/mn/detail/90

[2] Ж.Амарсанаа нар, Монгол улсын үндсэн хуулийн тайлбар [С.Батдэлгэр] (Ханнс Зайделийн Сан, 2009), 233.

[3] 中野次雄など『判例とその読み方 三訂版』頁4(有斐閣、2009)。

[4] Д.Гангабаатар, Шинжээчийн дүгнэлт, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт №3, 2015 он 03 сарын 11 өдөр.

[5] Монгол Улсын шүүхийн тухай хууль, 2012 он. Тус хууль 2021 оны “Монгол Улсын шүүхийн тухай” шинэ хууль батлагдсанаар хүчингүй болсон. 2012.ШтХ-г дараах холбоосоор үзэх боломжтой. Сүүлд үзсэн 2022.10.16, https://legalinfo.mn/mn/detail/8659

[6] Д.Гангабаатар, Үндсэн хуулийн эрх зүй, (МУИС пресс, 2019), 268.

[7] Монгол Улсын шүүхийн тухай хууль, 2021 он. 2021.ШтХ-г дараах холбоосоор үзэх боломжтой. Сүүлд үзсэн 2022.10.16, https://old.legalinfo.mn/law/details/16047