Нийгмийн идэвхтэй иргэдийн олонх нь Үндсэн хуульт ардчилсан дэглэм, түүний үнэт зүйлийг ойлгож итгэл үнэмшлээ болгохгүй бол уул дэглэм урт хугацаанд тогтвортой орших боломжгүй юм. Иймд, МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн нь жирийн иргэдэд, ялангуяа эрх зүйчээс бусад мэргэжлээр сурч буй оюутнууд болон ерөнхий боловсролын сургуулийн сурагч нарт Үндсэн хууль, хүний эрхийн мэдлэг, чадвар, хандлага олгоход дэмжлэг үзүүлдэг. Жишээлбэл, МУИС-ийн Хууль зүйн сургуулиас МУИС-ийн нэгдүгээр курсийн оюутнуудад санал болгодог “Хүний эрх (ерөнхий суурь)” хичээлийн хөтөлбөрийг шинэчлэх, баяжуулах, мэргэшсэн эрх зүйчдээр багшлуулах тал дээр 2022 оны хавраас эхлэн тус сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимтэй хамтран ажиллаж байна.