Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гэрч (The Witness For The Prosecution)

Нийтэлсэн огноо: 2022.10.27

Хуваалцах Жиргэх

Найруулагч: Julian Jarrold

Зохиолыг бичсэн: Agatha Christie

Нээлтээ хийсэн он: 2016

Төрөл: Учир битүүлэг үйл явдалт

1-р анги: 1923 онд Лондонд, Леонард Воул (Leonard Vole) гэх зөөгч залуу ажлаасаа халагдах бөгөөд өөрөөсөө дүү залууст дуртай баян бэлэвсэн эмэгтэй Эмили Фрэнц (Emily French) Леонардыг ихээр сонирхож түүнийг Кенсингтон дахь тансаг харшдаа урина. Хатагтай Эмили Леонардыг өөрийн хамтрагч (companion)-аа болгохын тулд түүнд мөнгө санал болгодог. Леонард, Ромэйн (Romaine) гэх театрт найрал дуулаачаар ажилладаг найз бүсгүйтэйгээ хамтран амьдардаг байсан хэдий ч, дөнгөж ажлаасаа халагдаад байгаа тэрээр Хатагтай Эмилигийн тавьсан саналыг хүлээн зөвшөөрнө.
Энэ явдлаас хойш гурван сарын дараа хатагтай Эмили өөрийн харшдаа алуулсан байдалтайгаар олдоно. Эмилигийн гэрийн шивэгчин болох Жанет (Janet), Эмилигийн гэрээслэлийн цорын ганц өв залгамжлагчаар нэрлэгдээд буй Леонардыг Эмилигийн үхэлд буруутгах бөгөөд прокурорууд ч мөн тэгж үзэж байв. Прокурорууд Леонардад цаазаар авах буюу “дүүжлэх” ял оноохоор завдана. Харин Леонардын өмгөөлөгч, дундаж амьдралтай нэгэн болох Жон Мэйхью (John Mayhew) Леонардыг гэм буруугүй гэдэгт итгэдэг.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэх ба Леонардыг гэм буруутайд тооцож яллах эсэхэд түүний найз бүсгүй Ромейны гэрчийн мэдүүлэг шийдвэрлэх үүргийг гүйцэтгэхээр болно. Эхний шүүх хурал эхлэхээс өмнө Ромэйн Леонардын цагдан хоригдож буй газарт очих бөгөөд тэрээр өөрийг нь өөр эмэгтэйтэй араар тавьж байсан Леонардыг уучилсан мэт харагдаж байв. Тиймээс өмгөөлөгч Жон, Ромэйнийг Леонардын гэм буруугүйг нотлоход нааштай гэрчийн мэдүүлэг өгнө  гэдэгт итгэлтэй байлаа. Гэвч, Ромэйн Леонардтай уулзангуутлаа зан нь эрс хувирах бөгөөд “дүүжил” хэмээгээд түүнрүү нулимдаг.

2-р анги: Шүүх хурал дээр Ромэйн, аллага болсон орой Леонард цусанд будагдсан байдалтайгаар гэртээ ирсэн, өөрийгөө одооноос эхлээд баян хүн болсон хэмээн бардамнаж байсан тухай гэрчийн мэдүүлэг өгдөг. Энэхүү мэдүүлгийн дараа, яллагдагчийн зүгээс эцсийн шүүх хурал болохоос өмнө өөрийн гэм буруугүйг нотлох ямар нэгэн чухал нотлох баримтыг гаргаж өгөхгүй л бол, түүнийг хатагтай Эмилигийн үхэлд гэм буруутайд тооцох нь бараг л ойлгомжтой болдог. 
Яг энэ үед, Ромэйнд өөрийн нөхрөө булаалгасан, мөн түүнд хорлогдож нүүрэндээ аймшигтай муухай сорвитой болсон гэх Кристин Моффат (Christine Moffat) гэгч эмэгтэй өмгөөлөгч Жонтой уулзана. Тэрээр Жонд, Леонардын гэм буруугүйг нотлох боломжтой нэгэн нотлох баримтыг зарах бөгөөд энэ нь, өмнө нь Кристины нөхөр байсан Макс (Max)-тай харилцаж байсан Ромэйний хайрын захидал байдаг. Тус захидал, эцсийн шүүх хурал дээр, амраг Макстайгаа гэрлэхийн тулд Леонардыг дүүжлүүлж алах гэсэн Ромейны хэрцгий төлөвлөгөөг илчлэхийн тулд ашиглагдана. Улмаар, энэхүү шүүх хуралдааны дараа, Леонард цагаатгагдаж, Ромэйн худал гэрчийн мэдүүлэг өгсөн гэж баривчлагдана. Харин хатагтай Эмилигийн үхэлд түүний гэрийн шивэгчин болох Жанет яллагдах бөгөөд тэрээр цаазлуулдаг.

Энэхүү адармаатай хэрэг өмгөөлөгч Жоныг нилээд нэр алдартай болгох бөгөөд хатагтай Эмилигийн цорын ганц өв залгамжлагчаар нэрлэгдэж баян болсон Леонард ч мөн түүнд нилээдгүй шан харамжийг өгнө. Одоо алдартай, мөн баян болсон өмгөөлөгч Жон эхнэртэйгээ хамт Франц руу аялалаар явдаг бөгөөд тэрээр Францад Леонардтай санаандгүй байдлаар тааралдана. Леонард тухайн үед нэгэн бүсгүйтэй хамт явж байх ба тэр бүсгүй нь Ромейн байх нь тэр. Өмгөөлөгч Жон тун их цочирдоно. Леонард яагаад Ромейнтэй хамт явж байсан болоод энэхүү явдалд өмгөөлөгч Жон хэрхэн дүгнэлт өгч, ямар хариу арга хэмжээ авсан талаар мэдэхийг хүсвэл киногоо өөрөө үзээрэй.


Киноны талаарх эргэцүүлэл
Зүй ёс (Justice)-ний хэмээн итгэж, зорьж, тэмцэж байсан хэдий ч, таны тэрхүү итгэж, зорьж, тэмцэж байсан зүйл тань үнэндээ зүй бус байсан бол яах вэ? Тухайлбал, хуульч таны гэм буруутай хэмээн чин сэтгэлээсээ итгэж, улмаар зохих шийтгэлийг нь оногдуулчихлаа гэж бодсон этгээд үнэндээ гэм буруугүй байсан бол яах вэ? Хэрэв хуульч таны оногдуулсан шийтгэл цаазын ял байсан, цаашлаад тэрхүү хэрэг явдлаас хуульч та өөрөө их хэмжээний нэр алдар, эд хөрөнгийг олчихсон бол, ямар арга хэмжээг авах байсан бэ? “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гэрч” гэх энэхүү киног үзсэнээр, хуульчийн ёс зүйн талаарх философийн дээрх онолын суурь асуудлуудын талаар, мөн хүний хувь заяаг шийдвэрлэж байдаг хуульч мэргэжил ямар чухал мэргэжил болох талаар дахин нэг эргэцүүлэх завшаан тохиолоо. Тус киног үзсэнээр танд ч мөн ийм завшаан тохионо гэдэгт итгэлтэй байна.

Кино тойм бичсэн: Оюунбадрахын Энхжин