МУИС-ийн 80 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал боллоо

Нийтэлсэн огноо: 2023.01.08

Хуваалцах Жиргэх

2022 оны 10-р сарын 13-нд МУИС-ийн Номын Төв сангийн 502 тоотод “Монгол Улсын процессын эрх зүйн хөгжлийн чиг хандлага, тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимээс санаачлан зохион байгуулж, Хууль зүй дотоод хэргийн яам, Монгол Улсын Дээд шүүх, Монгол Улсын Прокурорын газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын хуульчдын холбоо, Шүүхийн сахилгын хороо, МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн хамтран оролцлоо.

Хурлыг нээж МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, хууль зүйн доктор, профессор Б.Амарсанаа үг хэллээ. Хурлын эхний хэсгийн чиглүүлэгчээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, хууль зүйн доктор, дэд профессор Ж.Эрхэсхулан ажилласан бол, хоёрдугаар хэсгийн чиглүүлэгчээр МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн захирал, хууль зүйн доктор, профессор О. Мөнхсайхан ажиллаа.

МУИС-ийн Эмерит профессор, Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх, Академич С.Нарангэрэл “Монгол Улсын эрх зүйн тогтолцоонд процессын эрх зүйн эзлэх байр суурь” сэдэвт илтгэлээр эхэлсэн энэхүү хуралд, эрдэмтэн судлаачид Монгол улсын үндсэн хууль, захиргаа, иргэн, эрүүгийн процесс болон арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны эрх зүйн тулгамдсан асуудлуудын талаар илтгэлүүдээ хэлэлцүүллээ. Тус хуралд хууль зүйн салбарын эрдэмтэн, судлаач, шүүгч, прокурор, арбитрч, хуульчид өргөнөөр оролцсон бөгөөд Монгол улсын процессын эрх зүйг боловсронгуй болгох тухай олон чухал санал, шүүмж солилцож, хэлэлцүүлгийг өрнүүллээ.

Монгол Улсын Их Сургуулийн 80 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлийг МУИС-ийн Хууль зүйн сургуулиас эрхлэн гаргадаг “Эрх зүй” сэтгүүлийн тусгай дугаар болгон гаргахаар болсныг дуулгахад таатай байна.



 

Дээрх хурал, симпозиумуудын талаарх мэдээллийг "Мэдээ-Үйл явдал" цэснээс дэлгэрүүлэн үзнэ үү.