“Үндсэн хуулийн хяналтыг боловсронгуй болгох нь” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Нийтэлсэн огноо: 2023.01.30

Хуваалцах Жиргэх

2022 оны X сарын 31-нд “Үндсэн хуулийн хяналтыг боловсронгуй болгох нь” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран зохион байгуулсан.

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Үндсэн хуулийн цэц, Монгол Улсын Их Сургууль хамтран “Үндсэн хуулийн хяналтыг боловсронгуй болгох нь” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр (2022.10.31) зохион байгууллаа. Улсын Их Хурлын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн гишүүд, хуульчид, эрдэмтэн судлаачид оролцсон энэхүү эрдэм шинжилгээний бага хурлын чиглүүлэгчээр Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил ажилласан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар нээж үг хэлэв.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн гэрээт профессор, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D.) Ц.Сарантуяа “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэц хянах эсэх асуудал” сэдэвт илтгэл танилцуулсан. Эхлээд тэрбээр Үндсэн хуульдаа нийцээгүй нэмэлт, өөрчлөлтийн талаарх хууль зүйн шинжлэх ухааны тайлбар, мэдээллийг өгөв. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажиллагаа нь бүхэлдээ, тэр дундаа Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуульд нийцсэн байх ёстой гэдэг зарчмыг доктор, профессор Ц.Сарантуяа илтгэлдээ онцоллоо. Үндсэн хуулийг зөвхөн Үндсэн хууль тогтоогчид батлах бөгөөд байнгын ажиллагаатай парламент нь гагцхүү түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах боломжтой гэдгийг тайлбарласан юм. Ц.Сарантуяа доктор үргэлжлүүлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй байна” гэж заасан байдгийг онцлоод холбогдох тайлбарыг дэлгэрэнгүй хийсэн юм. Үндсэн хуулийн шүүх аливаа шийдвэр, тэр дундаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаарх шийдвэрийг хянахдаа хэлбэрийн болон агуулгын хяналт хийдэг байна. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 1999-2015 онд хэлбэрийн хяналт буюу Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журам зөрчигдсөн эсэхийг хянаж байсан бол 2020, 2022 онуудад агуулгын хяналт хийсэн гэдэг байр суурийг илэрхийлж, холбогдох тайлбарыг хийсэн.

 

 

“Үндсэн хуулийн хяналтын объектыг сайжруулах арга зам” сэдэвт илтгэлийг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн зөвлөх профессор, хууль зүйн доктор (Ph.D.) Х.Сэлэнгэ танилцууллаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн хяналтын объект, хэлбэр нь Үндсэн хуулийн процессын эрх зүйн хувьд харьцангуй тогтсон ойлголт байхаас гадна улс орнуудад хэрэгжиж байгаа гэв. Словенийн эрдэмтэн доктор, профессор Арне Мавчич “Үндсэн хуулийн хяналт” бүтээлийн “Үндсэн хуулийн хяналтын объект ба субъект” гэсэн Х бүлэгт Үндсэн хуулийн хяналтын объектыг 25 объектоор тодорхойлсон байдаг байна. Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд хяналтын объектыг заасан боловч хяналтын хэлбэрийг заагаагүй байдаг байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт, мөн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.3 дахь заалтад Үндсэн хуулийн цэцийн хяналтын объектыг тодорхойлсон байдаг байна. Үүн дээр Хүний эрхийг хамгаалах асуудал (Үндсэн хуулийн гомдол), шүүхийн шийдвэр, тайлбар зэрэг объектыг нэмэх шаардлагатай хэмээн үзэж, холбогдох тайлбарыг хийсэн.

МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн захирал, Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан “Үндсэн эрхийн маргаан: олон улсын сайн туршлага ба Монгол”, “Легалдата” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Алтангэрэл “Үндсэн эрхийн маргаан шийдвэрлэх нь: ХБНГУ-ын туршлага” сэдэвт илтгэлүүдийг танилцуулав. Эрх нь зөрчигдсөн иргэн шүүхэд хандах зэрэг шүүхийн ерөнхий арга хэрэгслээр эрхээ хамгаалуулж чадаагүй тохиолдолд Үндсэн хуулийн шүүхэд хандан эрхээ хамгаалуулах боломжтой байдаг аж. Үндсэн хуулийн гомдол нь иж бүрэн, хэм хэмжээний гэсэн хоёр төрөл байдгийг доктор, профессор О.Мөнхсайхан танилцуулаад “Тухайн шүүхийн шийдвэр эсвэл захиргааны акт болон түүний тулгуурлаж байгаа хэм хэмжээ нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянадаг гомдолын төрөл бөгөөд ХБНГУ тэргүүтэй 20 орчим улсад хэрэгждэг. Венецийн комисс болон энэ чиглэлийн бүтээлүүдэд Үндсэн хуулийн бүрэн гомдлыг хэрэгжүүлж байж Үндсэн хуулиар хамгаалсан бүрэн эрхийн баталгаа бүрдэнэ гэдэг байр суурь давамгайлдаг” гэв. Үргэлжлүүлэн тэрбээр олон улсын сайн туршлагын талаар дэлгэрэнгүй танилцуулж, үндсэн эрхийн гомдлыг хүлээн авах шалгуур, хянан шалгах явц болон Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйл, тус зүйлд дурдагдсан “... иргэдийн өргөдөл, мэдээллийн ...”, "...хүсэлтээр..." гэх томьёоллын агуулгын талаар, маргааныг хянан шийдвэрлэх үйл явцын талаар тайлбар мэдээллийг дэлгэрэнгүй хийсэн юм.

ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүх нь 2 Сенаттай, тус бүр 8 шүүгчтэй, нийт 16 шүүгч ажилладаг байна. I Сенат төр иргэний харилцаа, II Сенат нь төрийн байгууллагын маргаанаар шийдвэрлэдэг байна. Тус шүүхийн 1951-2020 оны тоон мэдээллээр жилд үндсэн эрхийн маргаан нийт маргааны 70-90 хувийг эзэлдэг бөгөөд үндсэн эрхийн маргааны 3 хувийг хангаж шийдвэрлэсэн байдаг байна. Үндсэн хуулийн шүүх нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн бүх шийдвэрийг Үндсэн хуулийн агуулгаар хянах; эрүү, захиргаа, иргэний шүүхийн эцэслэн шийдвэрлэсэн бүх шийдвэрийг үндсэн хуулийн эрх зүйн агуулгаар нь хянах бүрэн эрхтэй байдаг бөгөөд иргэн бүр үндсэн эрхийн зөрчлийн гомдол гаргах эрхтэй байдаг байна. Үргэлжлүүлэн Т.Алтангэрэл судлаач ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүхийн үйл ажиллагаа, маргаан хянан шийдвэрлэх явцын талаар дэлгэрэнгүй танилцуулсан.

“Үндсэн хуулийн хяналтыг боловсронгуй болгох нь” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгалангийн танилцуулсан “Монгол Улсын Үндсэн хуулийн процессын эрх зүйн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт илтгэлээр үргэлжиллээ.

“Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудал (эрх зүйн зохицуулалтын хүрээнд)” сэдэвт илтгэлийг Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын Хууль зүйн газрын дарга Н.Болортунгалаг танилцуулсан.

Төгсгөлд нь “Монгол Улсын Үндсэн хуулийн үнэт зүйл, үзэл санаа, зарчмыг бэхжүүлэхэд Үндсэн хуулийн цэцийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлага” сэдэвт илтгэлийг Монголын хуульчдын холбооны Үндсэн хуулийн эрх зүйн хорооны дарга, доктор В. Удвал танилцуулав.

Ийнхүү илтгэлүүд танилцуулсны дараа эрдэм шинжилгээний хуралд оролцогчид Үндсэн хуулийн хяналтыг боловсронгуй болгох сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Мэдээг: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс авав. https://www.parliament.mn/nn/18816/...