Монгол улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдаан

Нийтэлсэн огноо: 2023.01.30

Хуваалцах Жиргэх

Монгол улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдаан “МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ҮНДСЭН БҮТЭЦ, СУУРЬ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ: ТУЛГАМДСАН АСУУДАЛ” сэдвийн хүрээнд амжилттай зохион байгуулагдлаа. МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн нь Б.Чимидийн нэрэмжит МУИС-ийн Хууль зүйн сургуулийг түшиглэн байгуулагдсаны хувьд энэ жилээс эхлэн тус уралдааны хамтран зохион байгуулагчдад нэгдсэн билээ.

Энэ удаагийн уралдааны I шатанд судлаачийн ангилалд 15 илтгэл, оюутны ангилалд 25 илтгэлийг хүлээн авч ангилал тус бүрд 5 шилдэг илтгэлийг шалгаруулсан. Улмаар II шатанд буюу 2023 оны 1 сарын 12 өдөр шалгарсан шилдэг илтгэлүүдийг хэлэлцүүллээ.

Судлаачдын ангиллын Тэргүүн байрт “Улсын дээд шүүхийн хууль тайлбарлах бүрэн эрхийг Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалын үүднээс шинжлэх нь” сэдвээр эрх зүйч Р.Оюундэлгэр шалгарлаа. Харин, оюутны ангиллын Тэргүүн байрт “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн агуулгыг Үндсэн хуулийн суурь зарчимд нийцүүлэн хянах асуудал: харьцуулсан судалгаа” сэдвээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 5 курсийн оюутан Б.Ариунзаяа шалгарлаа.

 

Түүнчлэн, Хүрээлэнгийн дадлагажигч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 3 курсийн оюутан Т.Эмүжин “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад тавигдах агуулгын хязгаарлалт – Үндсэн хуулийн цэцийн хяналтын хүрээ” сэдвээр оюутын ангиллын Дэд байрт шалгарсныг дуулгахад таатай байна.

Оюутан, судлаачдынхаа цаашдын ажилд өндөр амжилт хүсье.

/II шатны шалгаруулалтын дүн хийгээд холбогдох зургийг дараах холбоосоор дэлгэрүүлэн үзнэ үү: https://nli.gov.mn/?p=10712 /