Harish Rana v. Union of India (2026) Энэтхэгийн Дээд шүүх анх удаа идэвхгүй эвтанази хэрэглэхийг зөвшөөрөв

Нийтэлсэн огноо: 2026.04.07

Хуваалцах Жиргэх

Эвтанази нь идэвхтэй (active) ба идэвхгүй (passive) гэсэн 2 төрөлтэй. Идэвхтэй эвтанази гэдэг нь үхэлд шууд хүргэх эмчилгээг өвчтөнд хийж, амь насыг нь хүчээр таслах ажиллагаа юм. Харин идэвхгүй эвтанази нь амь тэтгэх аппаратыг салгаж, өвчтөнд байгалийн жамаараа үхэх боломжийг олгодог гэдгээрээ идэвхтэй эвтаназиас ялгаатай ажээ. Энэ удаагийн дугаараар танилцуулах гэж буй Harish Rana v. Union of India (2026) шүүхийн шийдвэр нь 13 жилийн турш ургамлан байдалд байсан өвчтөнд идэвхгүй эвтанази хийх зөвшөөрлийг Энэтхэг улсын Дээд Шүүхээс олгосон ба энэ нь шүүхээр зөвшөөрөгдсөн анхны идэвхгүй эвтаназийн тохиолдол гэдгээрээ ихээхэн олны анхаарлыг татаж байгаа юм. Харин идэвхтэй эвтанази нь Энэтхэг улсад хууль бус хэвээр байгаа болохыг дашрамд дурдах нь зүйтэй болов уу.

Энэтхэгийн хойд нутгийн Уттар Прадеш мужийн оршин суугч Хариш Рана нь 2013 онд барилгын 4 давхраас унаж, тархиндаа хүнд гэмтэл авсны улмаас ухаангүй болсон ба 13 жилийн турш амь тэтгэх аппаратны тусламжтайгаар ургамлан байдалтай байсаар иржээ. Эмч нарын зөвлөлөөс Ранаг “ухамсартай хариу үйлдэл үзүүлэхгүй”, “өөрийгөө асрах үйл ажиллагаанд бусдаас бүрэн хамааралтай” ба “13 жилийн хугацаанд өвчтөний биеийн байдалд ямар нэг өөрчлөлт гараагүй” гэсэн дүгнэлт гаргажээ.

Улмаар Ранаг 13 жилийн турш асарч сувилсан эцэг, эх нь амь тэтгэх аппаратыг салгах тухай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Энэтхэг улсын Дээд Шүүхэд гаргасан ба шүүхээс тус өргөдлийг 2026 оны 3-р сарын 11-ны өдөр хэлэлцэж, идэвхгүй эвтанази хийх, өөрөөр хэлбэл амь тэтгэх аппаратыг салгах зөвшөөрлийг олгосон байна.

Тус шүүхээс ийнхүү шийдвэрлэхэд идэвхгүй эвтанази нь өвчтөний ашиг сонирхолд хамгийн сайнаар нийцэж буй эсэхийг (best interests of the patient test) шалгуур болгон авч үзсэн. Тухайлбал, шүүхээс 1. Рана өвчтөн 10 гаруй жилийн турш ургамлан байдалд ухаангүй байсан, 2. Эмнэлгийн шинжээчдээс Ранаг эдгэрэх найдлагагүй гэж дүгнэсэн, 3. Амь тэтгэх аппарат нь идэвхтэй амьдралыг бус зөвхөн биологийн оршин тогтнолыг уртасгаж байсан гэх үйл баримтад тулгуурлан, эмчилгээг хүчээр үргэлжлүүлэх нь өвчтөний ашиг сонирхолд нийцэхгүй бөгөөд амь тэтгэх аппаратыг салгаснаар өвчтөнд нэр төртэйгөөр үхэх боломжийг олгоно гэж үзсэн байна.

Энэтхэг улсад хүний нэр төртэйгөөр үхэх эрхийн тухай маргаан 2011 оноос идэвхтэй өрнөх болжээ. Тухайлбал, Энэтхэг улсын иргэн Аруна Шанбаг харгис бэлгийн хүчирхийлэлд өртсөний улмаас 42 жилийн турш ухаангүй ургамлан байдалд байсан ба амь тэтгэх аппаратыг салгаж, Шамбагийг зовлонгүйгээр үхүүлэх тухай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг түүний гэр бүлийнхнээс шүүхэд гаргасан боловч Улсын Дээд шүүхээс тус хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.  Улмаар эвтанази буюу зовлонгүйгээр үхэх эрхийг тойрсон маргаан хүчтэй өрнөх болж, шүүх болон хууль тогтоох эрх мэдлийн хүрээнд энэ асуудлыг нэг мөр шийдвэрлэх шаардлага зүй ёсоор тавигдах болжээ.

2018 онд гарсан Common Cause v. Union of India шийдвэрээр Энэтхэг улсын Үндсэн хуулийн 21-р зүйлд заасан “амьд явах эрх”-ийн тухай ойлголтод “нэр төртэйгөөр үхэх эрх” ч мөн хамаарна хэмээн дээрх эрхийн агуулгыг өргөжүүлэн тайлбарлаж, идэвхгүй эвтанази нь Үндсэн хуульд харшлахгүй гэж шийдвэрлэжээ. Харин идэвхгүй эвтаназийг хийх үед хамгаалалтын баталгаа болсон процессын журмыг мөрдлөг болгох зайлшгүй шаардлагатайг цохон тэмдэглэжээ.  Тухайлбал, 1. Өвчтөний өвчин, эмгэг эргэж эдгэрэх боломжгүй болохыг оношилсон эмчийн дүгнэлт, 2. Эмнэлгийн хараат бус зөвлөлөөс гаргасан 2 шатлал бүхий дүгнэлт, 3. Өвчтөний зөвшөөрөл, эсвэл боломжгүй тохиолдолд гэр бүлийн гишүүдээс гаргасан хүсэлт, 4. Эмнэлгийн ёс зүйн хорооноос гаргасан дүгнэлт, баталгаажуулалтад тус тус үндэслэн идэвхгүй эвтаназийг хийж болох ажээ.

Ийнхүү Harish Rana v. Union of India (2026) шийдвэр нь Common Cause v. Union of India (2018) шийдвэрийг бодит тохиолдолд хэрэглэж, эдгэрэх найдваргүй болсон өвчтөнд анх удаа идэвхгүй эвтанази хийх зөвшөөрлийг олгосон түүхэн шийдвэр болсноороо чухал ач холбогдолтойд тооцогдож байна.

 

Ашигласан интернет эх сурвалж:

  1. Harish Rana v. Union of India (2026)
  2. Aljazeera:India’s Supreme court allows first-ever passive euthanasia death”

https://www.aljazeera.com/news/2026/3/11/indias-supreme-court-allows-first-ever-passive-euthanasia-death  

  1. Bar and Bench: “Letting go, finally: The Supreme Court and India’s long road to dignified death”

https://www.barandbench.com/columns/letting-go-finally-the-supreme-court-and-indias-long-road-to-a-dignified-death

  1. Sage Journals: “Common Cause (A Regd. Society) v. Union of India [2018] INSC 223: End-of-life care in India

https://journals.sagepub.com/doi/full/10.1177/09685332251315929

Бэлтгэсэн: Б.Хэрлэнчимэг