МУИС-Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн нь Монгол Улсад Үндсэн хуульт ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр ажилладаг төрийн болон бусад байгууллага, их, дээд сургууль, адил чиг үүрэгтэй судалгааны хүрээлэн, төвүүдтэй хамтран ажиллах, эдгээр байгууллагуудыг холбох гүүр болохыг зорьж байна. Улмаар, Хүрээлэн нь МУИС-ийн багш нар төдийгүй Үндсэн хуулийн эрх зүйн чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэн, судлаач нартай судалгаа, сургалт болон бусад хэлбэрээр хамтран ажиллаж, судлаачдын бүртгэлийг хөтөлж, холбогдох мэдээллийг байнга солилцож дамжуулдаг.
2022 оны V сард Хүрээлэн нь Улсын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан.
Энэ хүрээнд үндсэн хуулийн эрх зүйн судалгааг хөгжүүлэх, судалгааны чадавхыг бэхжүүлэх, судалгаанд суурилсан бодлогын шийдвэрт дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, 2022 оны IX сард Хүрээлэнгийн захирал О.Мөнхсайхан болон Хүрээлэнгийн Эрдэмтэн, судлаачдын зөвлөлийн гишүүн Д.Сүнжид, Д.Гангабаатар нар шүүгч нарт хүний эрхийн сургалтыг орсон.
2022 оны IX сарын 14-ний өдөр МУИС Монгол Улсын Шүүхийн сахилгын хороотой хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Тус санамж бичгийн хүрээнд, Хүрээлэн нь МУИС-ийн ХЗС болон Шүүхийн сахилгын хороотой хамтран шүүгчийн ёс зүй, сахилгын чиглэлээр сургалт, судалгаа явуулах, судлаачдыг бэлтгэх, эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг зохион байгуулах ажлыг гүйцэтгэхээр болсон. Эхний судалгааг Шүүгчийн сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар хийхээр төлөвлөж байна.