ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүхээс Холбооны Засгийн газрын санхүүгийн бодлогыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэв
ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүх 2023.11.15-ны өдөр (Эх сурвалж: picture alliance/Getty Images)
ХБНГУ-ын Засгийн газар COVID-19 цар тахлын үеийн яаралтай тусламжийн санд хуримтлагдсан байсан ч ашиглагдаагүй үлдсэн 60 тэрбум еврог уур амьсгал, ногоон үйлдвэрлэлийн салбарын төслүүдийг санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн байсан юм. Гэвч өнгөрсөн 11 дүгээр сард ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүхээс энэ нь Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзжээ. Шүүхийн тус шийдвэрээс шалтгаалан уур амьсгал, эрчим хүчний салбарын төслүүд санхүүжилт авах боломжгүй зогсонги байдалд орсон нь тус улсад эдийн засгийн тогтворгүй байдал үүсгэж болзошгүйг шинжээчид онцолж байна.
Тухайлбал, Анх цар тахлын үед зарцуулагдахаар төсөвлөгдсөн 60 тэрбум еврог ийнхүү зориулалтын бусаар ашиглах нь Үндсэн хуульд заасан зээлийн хязгаарыг давсан гэж шүүх үзжээ. Тодруулбал, Үндсэн хуулийн 111.2 дахь хэсэгт ирэх оны төсөв хараахан батлагдаагүй бол Засгийн газар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулахад зайлшгүй шаардлагатай хэмжээний зээлийг бусад сангуудаас авах боломжтой талаар хуульчилсан байдаг. Үүний дагуу Засгийн газар дээрх цар тахлын үеийн яаралтай тусламжийн сангаас 60 тэрбум еврог зээл хэлбэрээр авч, улмаар уур амьсгал, ногоон үйлдвэрлэлийн салбарын төслүүдийг дэмжих зорилгоор шилжүүлэн ашиглахаар болсон. Гэвч Үндсэн хуулийн шүүхээс Засгийн газрын энэхүү бодлого нь Үндсэн хуульд заасан зээлийн хязгаарыг зөрчсөн гэж дүгнэсэн байна. Үндсэн хуулийн 115.2 дахь хэсэгт дээрх 111.2 дахь хэсэгт заасан зээлийн хэмжээ нь тус улсын нэрлэсэн ДНБ-ий 0.35 хувиас хэтрэхгүй байх шаардлагыг хуульчилсан байдаг бөгөөд тус 60 тэрбум евро нь энэ хэмжээг давсан гэж шүүх үзжээ.
Одоогийн байдлаар Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрийн үр дагаврыг Бундэстаг төсвийн тодотголоор хэлэлцэж байгаа бөгөөд дараа жилийн төсвийг хэлэлцэх асуудлыг түр хойшлуулсан байна. Энэхүү шийдвэртэй холбогдуулан тус салбарын төслүүд зогсонги байдалд орсон нь улсын эдийн засагт хүндрэл учруулан, эрх баригч эвслийн Засгийн газрын дотоод зөрчил болон сөрөг хүчин хоорондын харилцааг хурцадмал байдалд хүргэснийг эх сурвалжууд мэдээлж байна.
Зүүн гар талаас ХБНГУ-ын Сангийн сайд Кристиан Линднер, Эдийн засаг, уур амьсгалын сайд Роберт Хабек, Канцлер Олаф Шолз нар 2023 оны төсвийн тодотголын үеэр (Эх сурвалж: Reuters.com)
Эх сурвалж:
https://www.politico.eu/article/germany-supplementary-budget-2023-extremely-problematic-audit-court-olaf-scholz-christian-lindner/, Сүүлд хандсан 2023.12.19
https://www.dw.com/en/germanys-cabinet-agrees-to-lift-debt-brake-again-for-2023/a-67564655, Сүүлд хандсан 2023.12.19
Мэдээ бэлтгэсэн: Б.Гүнтөгөлдөр