Монгол Улсын Үндсэн Хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг судлах оюутны судалгааны төсөл (2021-2022)
Түүхэндээ Монгол Улс дөрвөн удаа Үндсэн хуулиа баталж байсны дөрөв дэх нь буюу одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй ардчилсан, шинэ тодотголтой Үндсэн хууль нь 1992 онд батлагдаж байв. Үндсэн хууль нь нийгмийн амьдралын бүхий л хүрээний суурь харилцааг зохицуулдаг улс төр, эрх зүйн баримт бичиг гэдэг утгаараа тогтвортой үйлчлэх шинжийг агуулж байх учиртай ч нийгмийн хөгжил, хэрэгцээ шаардлагын дагуу зайлшгүй, шаардлагатай, зохих нэмэлт, өөрчлөлтүүд орж байх нь зүйн хэрэг юм. Өдгөө 30 жилийн түүхтэй тус Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудал олон удаа хөндөгдөж байсан ч 2000(1999) болон 2019 онуудад нийт 2 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж байв. 2000(1999) оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг судалсан судалгааны ажлууд нэлээдгүй байдаг бол 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь төдийлөн судлагдаагүй бөгөөд хэрэгжилтийн байдал хангалтгүй байсаар байна.
Иймд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Азийн сангийн хамтран хэрэгжүүлж буй “Залуучууд эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” хөтөлбөрийн хүрээнд МУИС-ийн Хууль зүйн сургууль, ШУС-ийн Улс төрийн тэнхимийн хоёр чиглүүлэгч багшийн удирдлага дор хууль, улс төрийн чиглэлээр суралцаж буй нийт 10 оюутнаас бүрдэх судалгааны баг Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, онолын ойлголтыг удирдлага болгон “Монгол Улсын Үндсэн Хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг судлах оюутны судалгааны төсөл”-ийг хэрэгжүүлэв. Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, зүйл заалт, түүнд холбогдох нэмэлт, өөрчлөлт нь зөвхөн улс төр, хуулийн хүрээллийнхний анхаарлын төвд байх асуудал биш гэдэгт судалгааны багийн гишүүд санал нэгдэж 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн агуулга, ач холбогдол, хэрэгцээ шаардлага, нийцүүлэн гарсан эрх зүйн баримт бичиг, холбогдох үйл явцад дүн шинжилгээ хийн судалж, олон нийтийн анхаарлын төвд хүргэх, иргэдийн бүрэн эрхт байдал, оролцоог нэмэгдүүлэхэд түлхэц үзүүлэх, Үндсэн хуульт байгууллыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилго өвөртлөн энэхүү судалгааны төслийг дараах 5 үе шаттайгаар хийж гүйцэтгэлээ. Үүнд:
Судалгаа-1. Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдийн дүн шинжилгээ
Энэ судалгаагаар 2019 онд Үндсэн хуульд оруулсан 19 зүйлийн 36 заалттай холбогдох нэмэлт, өөрчлөлт тус бүрийн 1992 онд анх батлагдсан эхийн агуулга, үзэл баримтлалыг тодруулж, тус нэмэлт, өөрчлөлтийн агуулгатай харьцуулалт хийн хэрэгцээ шаардлага, шалтгаан, ач холбогдлыг тодорхойлж гадаад орнуудын эрх зүйн зохицуулалттай харьцуулан судлахыг зорьсон.
Судалгаа-2. Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэхээр батлах хууль тогтоомжийн явц, төлөв
Үндсэн хуулийн зүйл заалт нь өөр бусад хууль, эрх зүйн баримт бичгээр дамжин хэрэгждэг тул түүнд нийцүүлэн батлах хууль тогтоомжийн судалгаа Үндсэн хуулийн хэрэгжилтийг тандах гол түлхүүр мөн. Энэ судалгаагаар 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын 2020 оны 1-р сарын 9-ний өдрийн 02 дугаар тогтоолын хавсралтаар “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарь”-ийг баталсантай холбоотойгоор ямар хууль, эрх зүйн актууд шинээр батлагдаж, нэмэлт, өөрчлөлт орж байгаа талаарх үйл явцын төлөвийг судалсан. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн гарч буй хууль, эрх зүйн баримт бичгийн төлөвийг харуулсан доорх dashboard-ын 2019 он дээр дарж үзнэ үү.
Судалгаа-3. Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу шинээр байгуулагдсан засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, бүрэн эрхийн харьцуулалт болон гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдын байр суурь. Тус судалгаа нь дараах дэд хэсгүүдээс бүрдсэн.
- Монгол Улсын Засгийн газрыг эмхлэн байгуулах эрх зүйн орчны судалгаа.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан 2019 оны нэмэлт, өөрчлөлтийн нэгээхэн зорилго нь гүйцэтгэх эрх мэдэл болон хууль тогтоох эрх мэдлийн хяналт тэнцлийг сайжруулахад чиглэсэн байв. Тус судалгаагаар үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахын өмнөх болон дараах үеийн засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, бүрэн эрх гэх мэт эмхлэн байгуулахтай холбогдох асуудал, эрх зүйн орчин болон Ерөнхий сайдын бүрэн эрх, чиг үүргийн талаар харьцуулан судлахыг зорив. - Монгол Улсын Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт өөрчлөлтийн талаарх дотоод гадаадын эрдэмтдийн байр суурь
Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар дотоодын болон гадаадын эрдэмтэд, судлаачдын байр суурийг тодорхойлохын тулд тэдгээрийн бичсэн, нийтэлсэн судалгааны тайлан, эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл зэргийг хэвлэмэл болон цахим материалаас түүвэрлэн хүргэхийг зорив.
Судалгаа-4. 2019 онд оруулсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэн батлах үйл явцын дүн шинжилгээ
Одоогоос 30 жилийн тэртээ Улсын Бага Хурлаас өргөн барьсан Үндсэн хуулийн төслийг Ардын Их Хурлаар 70 гаруй хоног хэлэлцэн баталж байсан талаарх хурлын тэмдэглэлүүд нь 1992 оны Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалыг тодорхойлох чухал баримт болдог төдийгүй Үндсэн хуулийн судалгааны суурь мэдээллийн сан юм. Бид энэ судалгаагаар 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр УИХ-н нэр бүхий 62 гишүүний Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслөөс эхлэн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг эцэслэн батлах хүртэлх үйл явцын дараалал, тухайн нэмэлт, өөрчлөлтүүдийн хүрээ, агуулгын өөрчлөлтүүдийг тусган харьцуулах оролдлого хийв.
Судалгаа-5. 2022 онд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт болон нэмэлт судалгаа, мэдээлэл (Доорх dashboard-ийн 2022 он дээр дарж үзнэ үү)
2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн Арван есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2028 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр зааснаас бусад 35 зүйл нь дагаж мөрдөгдөж эхлээд даруй 2 гаруй жил болж байна. Энэхүү нэмэлт, өөрчлөлтүүд нь улс төрийн хүчнүүд, эрдэмтэн судлаачид, олон түмний зүгээс зарим нэг шүүмжлэлийг хүлээх болов. Үүнтэй холбоотой Үндсэн хуульд ахин нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага үүсч, эхэлсэнтэй холбоотойгоор Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг судлах ажлын хэсэг байгуулагдаж, иргэдийн санаа бодлыг тандан судлах ажиллагаа хийгдэж эхэлсэн төдийгүй, ахин нэмэлт, өөрчлөлт оруулах уг асуудлын хуулийн агуулга, хүрээ улс төрийн орчинд хэлэлцэгдэж байна. Мөнхүү 2019 онд оруулсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтэй холбогдох Үндсэн хуулийн цэцийн шийдвэрүүд гарч, УИХ ээлжит бус чуулганаар тухайн асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн зэрэг нөхцөл байдлаас улбаалан судалгааны баг дээрх үйл явц, түүний талаарх улс төрчид, иргэд, судлаачдын байр суурь, УИХ-аас хэрэгжүүлж буй үйл ажиллагаа зэргийг тоймлон судалсаар байна.
Эцэст нь тэмдэглэхэд, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд шууд үнэлэлт, дүгнэлт өгөх нь хүндрэлтэй боловч энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр 2000(1999) онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн шүүмжлэлтэй асуудлуудыг зохих хэмжээнд засах оролдлого хийсэн, төрийн эрх мэдлийн тогтолцоо, тэдгээрийн хяналт тэнцлийг хангахад чиглэсэн дорвитой үр бий болгосон төдийгүй 2010 онд батлагдсан “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай журмын тухай хууль”-ийн дагуу хэлэлцэгдэж батлагдсанаараа давуу талтай байна. Үндсэн хуулийн дөрвөн бүлэгт хамаарах 19 зүйлийн 36 заалт бүхий нэмэлт, өөрчлөлтийн 29 заалт нь Үндсэн хуулийн Гуравдугаар бүлэг буюу “Монгол улсын Төрийн байгуулал” хэсэгт хамаарч байгаагаас үзвэл төсөл санаачлагчид болон хууль тогтоогчид төрийн эрх мэдлийн тогтолцоо, чиг үүрэг, хоорондох харилцаанд түлхүү анхаарал хандуулсан болох нь харагдаж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл явцад Үндсэн хуулийг дээдлэн сахих, түүний тогтвортой байдлыг хамгаалах, ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах, бодитой, ил тод байх зарчмыг ягштал баримтлах нь Үндсэн хуульд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэхээс гадна аливаа улс төрийн бүлэглэл, нам, эвслийн явцуу ашиг сонирхлоос ангид байх боломжийг бүрдүүлэх болно. Мөн энэхүү судалгаа нь цаашид Үндсэн хууль, түүнтэй холбогдон гарах бусад эрх зүйн баримт бичгийг судлах судалгаанд нэгэн эх сурвалж болно хэмээн найдаж байна.
Чиглүүлэгч багш Д.Бадамдаш, О.Алтантуяа
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД 2022 ОНД ОРУУЛСАН ӨӨРЧЛӨЛТ БОЛОН ХОЛБОГДОХ НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ
2021 оны 11 дүгээр сарын 22-ний өдөр иргэн Т.Доржханд, Үүрцайх нар “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн талаарх зохицуулалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна” гэсэн асуудлаар цаашлаад, 2022 онд “Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна” гэсэн асуудлаар...
Үргэлжлэл...2021 оны 11 дүгээр сарын 22-ний өдөр иргэн Т.Доржханд, Үүрцайх нар “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн талаарх зохицуулалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна” гэсэн асуудлаар цаашлаад, 2022 онд “Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна” гэсэн асуудлаар тус тус Үндсэн хуулийн цэцэд хандсан байна. Тус иргэдийн өргөдлийн дагуу 2022 оны 6 дугаар сарын 27-ний өдөр Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар 01 дугаар тогтоол, 2022 оны 8 дугаар сарын 15-ний өдөр мөн их суудлын хуралдаанаар 02 дугаар тогтоол тус тус гарсан.
2022 оны 8 дугаар сарын 15-ний өдрийн Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанд иргэн Т.Доржханд, Д.Үүрцайх нар дараах агуулга бүхий мэдээлэл, нэмэлт тайлбар ирүүлсэн. Үүнд, "Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн Гуравдугаар зүйлийн 10 дахь заалтаар Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг "Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно." хэмээн өөрчлөн найруулсан. Ийнхүү өөрчлөн найруулж "Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Оршил хэсгийн "Монголын ард түмэн бид: ... хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. ...", Хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "... Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй.", Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн "Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ.", Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн "Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө.", Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.", Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино." гэж заасантай тус тус зөрчилдөж байна” хэмээсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн их суудлын хуралдаанаараа Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд 2019 оны 11 дүгээр сарын 14-нд баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан Үндсэн хуулийн гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэсэн заалт нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд харшилж Монгол Улсын Үндсэн хуулийн зохих зүйл, хэсэгт нийцээгүй гэж үзэн хүчингүй болгож, эцэслэн шийдвэрлэсэн. Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар тогтоолтой холбоотойгоор эрх зүй, хууль тогтоомжийн хэрэглээний практикт өмнө нь гарч байгаагүй нөхцөл байдал үүсэж Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх, өөрчлөлтийн уг эхийг баталгаажуулах, бусад хууль тогтоомжид зохицуулалт хийх шаардлага үүссэн тул Улсын Их Хурал 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа “Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн тухай”, “Үндсэн Хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай”, “Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай”, “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай” гэсэн хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж 2022 оны 8 дугаар сарын 25-ний өдрийн тус Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцэх тусгай дэгийг боловсруулсан. Улмаар 2022 оны 8 дугаар сарын 25-ний өдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 62 гишүүн буюу 98.5 хувийн саналаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлт батлагдсан. Энэхүү өөрчлөлт батлагдсанаар 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр нэмэлт, өөрчлөлт орсон Үндсэн хуулийн гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэсэн заалтыг хүчингүй болгосон. Тус заалт хүчингүй болсонтой холбоотойгоор “Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” болон “Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-д тус тус өөрчлөлт орж Монгол Улсын газар бүрэлдэхүүний хувьд Ерөнхий сайд болон 21 гишүүнтэй, бүтцийн хувьд ерөнхий чиг үүргийг дөрөв, чиглэлийн арван хоёр яамтай байхаар эцэслэн батлагдсан байна.
Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн 2022 оны 02 дугаар тогтоол \2022.08.15\
- Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн тухай хууль \2022.08.24\
- Үндсэн Хуулийн Цэцэд Маргаан Хянан Шийдвэрлэх Ажиллагааны тухай хууль \2022.08.24\
- Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хууль \2022.08.24\
- Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль \2022.08.24\
Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай \2022.08.29\
Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл \2022.08.29\