12 ууртай хүн (Twelve Angry Men)

Нийтэлсэн огноо: 2022.09.29

Хуваалцах Жиргэх

Найруулагч: Sidney Lumet

Зохиолыг бичсэн: Reginald Rose

Нээлтээ хийсэн он: 1957 оны 4 сар

Шагнал: Берлиний кино наадам, Edgar Allan Poe Awards, Faro Island Film Festival, BAFTA Awards, Bodil Awards, Blue Ribbon Awards зэрэг олон кино наадмын шагнал хүртсэн.

Хүү нь эцгээ хөнөөжээ... Хоёр гэрчийн мэдүүлэг, гэмт хэргийг үйлдсэн зэвсэг болох тонгорог нотлох баримтаар авагдсан байх бөгөөд 12 тангарагтны шүүгчдийн гарт хүүгийн амь амьдралыг шийдэх эрх багтаж байгаагаар тус кино эхэлнэ.  “Гэм буруутай хэмээн шийдсэн бол 18 настай хүүг цахилгаан сандал хүлээж байх ба харин гэм буруугүй гэж шийдвэл тэр хүү дахин эрх чөлөөтэй амьдрах эрхтэй болно”. Англи-Саксоны эрх зүйн тогтолцоонд тулгуурласан уг кино нь (шүүгдэгчийг яллахаас өмнө заавал тангарагтны шүүх буюу иргэдийн төлөөлөгчдийн хурлаар тухайн хэргийг хэлэлцүүлж, тэдний шийдвэр дээр үндэслэн шүүгч шийдвэрээ гаргадаг) санамсаргүй байдлаар (иргэдийн регистрийн дугаараар) сонгосон архитектор, дасгалжуулагч, бизнесмен, өмгөөлөгч, худалдаачин, цаг үйлдвэрлэгч гэх зэрэг тэс өөр мэргэжилтэй хүмүүс нэгдэн хүүг гэм буруутай юу эсхүл гэм буруугүй юу гэдгийг тогтоож буй сонирхолтой харилцан яриагаар тус кино нь үргэлжилдэг.

 

Анхандаа хүн бүр хүүг эцгээ хөнөөсөн алуурчин, нотлох баримт нь байна, тэр гэм буруутай гэж үзэж байлаа. Харин нэг л хүн хүүг гэм буруугүй гэдэгт хүчтэй зогсож байсан бөгөөд нотлох баримт эргэлзээтэй байгааг нэг нэгээр нь бусдадаа тайлбарлаж эхэлдэг.

Дүр бүр хүүг гэм буруугүй эсхүл гэм буруутай гэдгийг нотлоход өөрсдийн амьдралын хэв маяг, мэдлэг, үзэл бодолд тулгуурлан саналаа өгцгөөж эхлэх ба архитектор Дэвис буюу “шүүгч 8” хүүг гэм буруугүй байх боломжтой гэж бусдын нүдийг нээх бөгөөд түүнийгээ нотлохдоо хувийн мэдлэг, хүн чанараа ашигладаг. Түүний санааг ойлгосон бусад шүүгчид мөн адил хувийн үзэл, хувийн мэдлэг, санаандаа тулгуурлан баримт, нотолгоог үгүйсгэж эхэлнэ.

Ямартаа ч энэ кино маш өргөн хүрээг хамарсан сэдвийг өөртөө багтаасан бөгөөд ерөөс эрх чөлөө, ардчиллын тулгуур хүчин зүйл нь шударга ёс, тэгш эрх, үүрэг хариуцлага гэдгийг илтгэнэ. Энэхүү кинонд орчин үеийн эрх чөлөөт, ардчилсан улсуудын нэг жишээ болох Америк оронд шударга ёс хэрхэн тогтсон, түүнд иргэд, олон нийт ямар оролцоотой байдаг болох, тэднээс хэр их зүйл шалтгаалдаг болохыг тод харуулж өгсөн. Тиймээс ч найруулагч болон зохиолчийн ур ухааныг шагшин бишрэхээс өөр аргагүй.

Кинонд биеийн, сэтгэл зүйн хүчирхийлэл, завдал, оролдлогууд олонтоо илэрнэ. Бие биетэйгээ маргалдан мэтгэлцэж буй тангарагтны шүүхийн 12 гишүүний зан характер, харилцан сэтгэл зүйн дайралт хийж буй байдал, өөрийн үзэл бодлыг хамгаалж буй болон бусдын ятгалгад автаж байгаа зэрэг үйл явдал онцгой, сэтгэл хөдөлгөм байх ба тэдгээрийн үйлдлээс  “шударга зан, тууштай байдал, юмыг эргэцүүлэх чадвар ямар чухал” гэдгийг ойлгуулдаг.  Тангарагтны шүүхийн 12 гишүүн нь өөр өөр характер болон онцлогтой.

  • Martin Balsam - нь тангарагтны шүүгчдийн даргалагч шүүгч 1–ийн дүрд тоглох бөгөөд ахлах сургуулийн хөл бөмбөгийн туслах дасгалжуулагчаар ажилладаг нэгэн байв. Тиймдээ ч тэр үү тэрээр эхнээс нь төгсгөл хүртэл тангарагтны шүүгчдийг сайн зохион байгуулалттайгаар санал хураан, шийдвэр гаргадаг.
  • John Fiedler - шүүгч 2 бөгөөд ажилдаа үнэнч, банкны даруухан, хөгжилтэй ажилтан. Тэрээр хэргийн нотлох баримтны эргэлзээг тайлахаар хутгыг 170 см өндөртэй хүн яаж 187 см өндөртэй хүний цээжрүү дүрэх вэ гэх санааг дэвшүүлдэг. Үүнээс үүдэн тонгорогны хэрэглээний талаарх сэжүүр гарч ирнэ. Мөн түүний тухай жижиг хөгжилтэй хэсгүүд нь түүнийг хайр татам дүр болгон хувиргажээ.
  • Lee J. Cobb - шүүгч 3 бөгөөд хүүгээсээ хөндийрсөн, шуудан хүргэлтийн бизнес эрхэлдэг, ууртай эзэн. Тэрээр хүүг гэм буруутай гэж эцсээ хүртэл үзээд шалдаа буудаг ч түүний хувийн амьдралын сэтгэлийн шархаас үүдэн хүүг гэм буруутай гэдэгт хамгийн их итгэлтэй байсан нь сүүлд тод харагдана.
  •  E. G. Marshall - шүүгч 4. Тэрээр киног дуусан дуустал огт гаднах хүрмээ тайлалгүй суусан ганц хүн бөгөөд огт хөлөрдөггүй нь анхаарал татаж байлаа. Тус шүүгч нь өөртөө итгэлтэй, аливаад оновчтой, дүн шинжилгээ хийх чадвартай, хувьцааны диллер бөгөөд киноны төгсгөл хэсэгт 3 хүн хүүг гэм буруутай гэж үзсэний нэг нь байдаг. Шүүгч 9 түүний хамраа чимхээд барьж байгааг хараад мөн түүний хамар дээр нүдний шилний ором байгааг ажиглаад эмэгтэй гэрчийн мэдүүлэг нь эргэлзээтэй болохыг баталдаг. Энэ нь ч үндэслэлтэй байсан ба тэр агшинд хөлөрдөггүй шүүгчийн маань духанд хөлснүүд бөжигнөн урсах нь найруулагчийн ур ухаан юм.
  • Jack Klugman - шүүгч 5. Тэрээр хүчирхийлэл үйлдэгддэг ядуусын хороололд өссөн нэгэн бөгөөд киноны эхэнд чимээгүй байхыг эрхэмлэн, саналаа өгөхөөс ч татгалзаж байсан болов ч хүүг хүчирхийлэлтэй ядуусын хороололд өссөн, түүнээс сайн зүйл гарахгүй, үл бүтэх хүн, нийгэмд хэрэггүй гэх мэтчилэн ярьж байгааг сонсоод тэрээр тус санааг няцаан хүүг гэм буруугүй хэмээн үздэг.
  • Edward Binns - шүүгч 6. Тэрээр гэрийн зураач, зарчимч нэгэн бөгөөд бусдыг ялангуяа өндөр настай хүнийг үл хүндэтгэсэн хүний өөдөөс үг хэлж, зэмлэж чаддаг нэгэн юм. Түүнийг ахмад настай хүний хүндэтгэдэг дүр нь мөн зангиагүй 2 хүний нэг нь байснаар нь тогтоох нь амархан байлаа.
  • Jack Warden - шүүгч 7. Сэргэлэн худалдаачин тэрээр Yankees –ийн шүтэн бишрэгч бөгөөд 2 зангиагүй хүний нэг. Ерөнхийдөө хэрэгт хайхрамжгүй хандсаар гэм буруугүй гэдэг дээр тогтдог.
  • Henry Fonda - дүрийн нэр Davis, шүүгч 8. Архитекторч, хүүг “гэм буруугүй” гэж үзсэн анхны хүн. Тэрээр нотлох баримтууд эргэлзээтэй байгаа гэдэг санаа дэвшүүлэх бөгөөд хэрэг үйлдсэн зэвсэгтэй ижил тонгорог гаргаж ирснээр бүх нотолгоог эргэлзээтэй болгон харуулж, нотолж чаддаг.
  • Joseph Sweeney - дүрийн нэр McArdle, шүүгч 9. Ухаалаг мөн маш ажигч, шүүгчдийн бүрэлдэхүүний хамгийн ахмад нэгэн. Тэрээр эмэгтэй гэрчийн мэдүүлэг эргэлзээтэй, баттай нотлох баримт биш гэдгийг баталж чаддаг бөгөөд миний хайртай дүрүүдийн нэг болсон билээ.
  • Ed Begley - шүүгч 10. Түүнийг ямар ажил хийдгийн мэдэхгүй ч маш их эмоцтой, хашгирсан, хурдан ууртай, түрэмгий нэгэн болох нь ил тод байлаа. Гэвч тэрээр хамгийн сүүлд өөрийн үзэл бодлоосоо бууж, хүүг гэм буруугүй гэдгийг хүлээн зөвшөөрнө. Энэ байдал нь түүнд ямар хэцүү, өөртөө бүр итгэж ядан байгаа нь кадерт буух агшин нь бахархал төрүүлэм байлаа. Үнэн ямар ч хүнийг буулгаж чадах юм.
  • George Voskovec - шүүгч 11. Европын цаг үйлдвэрлэгч тэрээр Америкийн иргэншилтэй, ардчиллын үнэт зүйлийг эрхэмлэдэг нэгэн. Киноны өрнөл үргэлжилж, хүн бүр нотлох баримт, өөрсдийн хувийн үзэл, эргэлзээ дундаа төөрч байхад тэрээр тангарагтны шүүгчийн хийх ёстой үүрэг, мөн чанарыг дахин тэдэнд сануулдаг. Үнэхээр хэрэгтэй байсан санааг хэрэгтэй мөчид нь гаргаж ирсэн нэгэн.
  • Robert Webber - шүүгч 12. Зар сурталчилгааны компаний гүйцэтгэх захирал тэрээр шийдэмгий бус нэгэн бөгөөд хэд хэдэн удаа саналаасаа эргэн буцдаг. Гэхдээ тэрээр хаана ч мэргэжлийн онцлогоо алдаагүй нь түүний дүрийг сонирхолтой болгожээ.

Эцэст нь хуульчид ч гэлтгүй хүн аливаа юман дээр дүн шинжилгээтэй байх, эргэлзээтэй үндэслэлийг няцаах сэтгэл зүрхтэй байх хэрэгтэй юм. Монгол Улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь нотлох баримтыг тал бүрээс нь судалж шинжлэн, баттай үндэслэлтэй гэдгийг тогтоох, шүүх хуралд мэтгэлцэх зарчим үргэлж хэрэгжиж, цагаатгах, яллах нотлох баримтыг яг ижлээр цуглуулах гээд хэрэгтнийг олох, яллах үйл явц ямар хянуур хийгддэг болохыг олж мэдлээ.

Кино тойм бичсэн: Оюунбадрахын Энхжин