“Улс төрийн санхүүжилт, сонгогчдын үйл байдал: Монгол, Япон, Солонгос" болж өнгөрлөө

Нийтэлсэн огноо: 2022.12.21

Хуваалцах Жиргэх

“Улс төрийн санхүүжилт, сонгогчдын үйл байдал: Монгол, Япон, Солонгос" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал 2022 оны 10 сарын 21-нд амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү хурлаар эрдэмтэн, судлаачид дараах илтгэлийг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлж, улс төрийн санхүүжилтийн тулгамдсан асуудлыг шийдэх сайн туршлага, сонгуулийн зарчим, сонгогчдын үйл байдлыг судлах арга зүйд суралцах, туршлага солилцсон юм.

• СОНГОГЧДЫН ҮЙЛ БАЙДЛЫН ОНОЛ, ХАНДЛАГА БА БНСУ-ЫН СОНГОГЧДЫН ҮЙЛ БАЙДАЛ, Шин Жонг Соб (PhD), профессор, БНСУ-ын Сүнгшил Их Сургуулийн Улс төр, олон улсын харилцааны тэнхимийн эрхлэгч;

• СОНГУУЛИЙН ТОГТОЛЦОО БА УЛС ТӨРИЙН ЭЛИТҮҮДИЙН ХУУЛЬ ТОГТООХ ҮЙЛ АЖИЛЛАГАА, Пак Бом Соб (PhD), БНСУ-ын Сүнгшил Их Сургуулийн Улс төр, олон улсын харилцааны тэнхимийн багш;

• БНСУ-ЫН ПАРЛАМЕНТЫН СОНГУУЛИЙН КОМПАНИТ АЖЛЫН ТУРШЛАГА, Хуан Нам Жү, БНСУ-ын Үсог Их Сургуулийн Ардчилал судлалын хүрээлэнгийн судлаач;

• МОНГОЛЫН СОНГОГЧДЫН ҮЙЛ БАЙДАЛД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛ, Э.Сарангэрэл (PhD), Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ахлах ажилтан;

• МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ: ПАРЛАМЕНТЫН СОНГУУЛЬ БА УЛС ТӨРИЙН САНХҮҮЖИЛТ, О.Мөнхсайхан (LL.D), Хууль зүйн сургуулийн профессор, МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн захирал;

• ЯПОНЫ СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООНЫ ШИНЭЧЛЭЛИЙГ 25 ЖИЛИЙН ӨНДӨРЛӨГӨӨС ХАРАХАД, Масаки Танигүчи (PhD), Токиогийн Их сургуулийн Улс төр, эрх зүйн төгсөлтийн дараах сургуулийн профессор;

• УЛС ТӨРИЙН САНХҮҮЖИЛТИЙН САЙН ТУРШЛАГА, Д.Бумдарь (PhD), МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн профессор, Стратеги Академийн захирал, Д.Бадамдаш, МУИС-ийн Хамтын ажиллагааны хэлтсийн дарга.

Түүнчлэн, тус хуралд Монгол Улсын Их Хурлын гишүүн, улс төр судлалын доктор Ц.Мөнхцэцэг, Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Кобаяши Хироюки нар хүрэлцэн ирж, мэндчилгээ дэвшүүллээ.

МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн зүгээс энэ хурлыг хамтран зохион байгуулсан “Стратеги академи”-ийн хамт олон, хурлыг ивээн тэтгэсэн Япон улсын элчин сайдын яам, илтгэлүүдээ хэлэлцүүлсэн хүндэт илтгэгч нартаа болон хуралд хүрэлцэн ирсэн нийт зочиддоо гүн талархал илэрхийлье.



Дээрх хурал, симпозиумуудын талаарх мэдээллийг "Мэдээ-Үйл явдал" цэснээс дэлгэрүүлэн үзнэ үү.