“Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл”-ийн хэлэлцүүлэг
"Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл”-ийн хэлэлцүүлэг өнөөдөр амжилттай болж өндөрлөлөө.
Энэхүү хэлэлцүүлгээр Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн танилцуулга, үзэл баримтлал болон түүний талаарх хөндлөнгийн судалгааг танилцуулж, санал солилцлоо.
Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан үг хэлсэн бол судлаачид дараах илтгэлүүдийг танилцуулж хэлэлцүүлгийг өрнүүллээ:
• “Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн танилцуулга, Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн танилцуулга”, П.Сайнзориг, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;
• “Монгол Улсын Холбооны болон Сангийн эрх зүйн байдлын тухай хуулиудын төслийг олон улсын эрх зүйн өнцгөөс авч үзэх нь”, Жүли Хантер, Ашгийн төлөө бус хуулийн олон улсын төв (ICNL)-ийн Ази, Номхон далайн бүсийн зөвлөх;
• “Эвлэлдэн нэгдэх эрхийн хязгаарлалтад тавих Монгол Улсын Үндсэн хуулийн нөхцөл”, О.Мөнхсайхан, МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн захирал, Хууль зүйн сургуулийн профессор;
• “ТББ-ын эрх зүйн орчныг хөгжүүлэх нь”, Ц.Мандхайхатан, Иргэний нийгмийн консорциумын гишүүн, Бодлого залуусын хяналт ТББ-ын зөвлөх, хуульч;
• “Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн үр нөлөөний судалгаа (хөндлөнгийн судалгаа)”, Д.Тэгшбаяр, Хууль тогтоомж, бодлого судалгааны төвийн гүйцэтгэх захирал, судлаач.
Түүнчлэн, тус хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил хүрэлцэн ирж, төслүүдийн талаарх байр сууриа илэрхийллээ.
МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн зүгээс энэхүү хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулсан “Хууль зүй, дотоод хэргийн яам”, “Хүний эрх, дэвшилтэт бодлогын хүрээлэн”, “Нээлттэй нийгэм форум”-ийн хамт олон, илтгэл хэлэлцүүлсэн хүндэт илтгэгч нартаа болон хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн нийт зочдодоо гүн талархал илэрхийлье.