АНУ-ын Төсвийн хорооны дарга улсын өрийн асуудалтай холбогдуулан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах муж улсуудын хуралдаан зохион байгуулахыг шаардав

Нийтэлсэн огноо: 2023.03.24

Хуваалцах Жиргэх

Конгрессын төлөөлөгчдийн танхимын Төсвийн хорооны дарга, Техас мужаас сонгогдсон төлөөлөгч Жодей Аррингтон (Jodey Arrington) АНУ-ын Конгресст тус улсын Үндсэн хуулийн V дугаар зүйлд тусгагдсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах муж улсуудын хуралдааныг зохион байгуулахыг шаардсан тогтоолыг өргөн мэдүүлсэн байна. Энэ нь АНУ-ын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар Конгрессоос төсвийг тэнцвэржүүлэхийг шаардсан агуулгатай юм. Өрийн хуримтлал, инфляц нь зарим хууль тогтоогчдыг түгшээж байгаа бөгөөд уг тогтоол нь Ерөнхийлөгч Жо Байдены төсвийн төслийн дараагаар гарсан байна.

АНУ-ын Үндсэн хуулийн V дугаар зүйлд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хоёр арга зам болон шалгуурыг тусгасан байдаг. Нэгдүгээрт, Төлөөлөгчдийн болон Сенатын танхимын аль алиных нь гишүүдийн гуравны хоёр нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгтэй гэсэн санал гаргах арга зам. Хоёрдугаарт, муж улсуудын хууль тогтоох байгууллагуудын гуравны хоёр нь нэмэлт, өөрчлөлт оруулах санал гаргаж Конгрессоос үүнийг зохион байгуулахыг шаардах арга зам. Дээрх хоёр арга замын аль ч тохиолдолд санал болгож буй нэмэлт, өөрчлөлт нь муж улсуудын хууль тогтоох байгууллагын дөрөвний гурвын, эсхүл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуралдааны дөрөвний гурвын дэмжлэгийг авах шаардлагатай байдаг.

1979 онд муж улсуудын гуравны хоёроос илүү нь төсвийн хариуцлага болон төсвийн тэнцвэржүүлэлттэй холбогдох нэмэлт, өөрчлөлтийг шаардаж байсан боловч Конгресс үүнийг зохион байгуулах үүргээ биелүүлээгүй гэж Жодей Аррингтон үзсэн байна.

Түүнчлэн Ерөнхийлөгч Билл Клинтон, Жорж В.Буш нарын үед ажиллаж байсан АНУ-ын ерөнхий хяналтын ажилтан асан Дэвид М.Уолкер (David M. Walker) үүнийг дэмжиж, Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Төсвийн хорооны өмнө мэдүүлэг өгөхөөр болжээ. Уолкер өдгөө 31.6 их наяд ам.долларт хүрсэн улсын өр болон 1.38 их наяд ам.долларт хүрсэн төсвийн алдагдлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгааг онцолжээ. Мөн тэрээр нэмэлт, өөрчлөлт нь өсөн нэмэгдэж буй улсын өрийг зогсооход тустай гэж  үзсэн байна.

Аррингтоны тогтоол нь Холбооны Төсвийн Тогтвортой Байдлын сангаас ч мөн дэмжлэг авсан. Тус сангаас Үндсэн хуулийн V дугаар зүйлийн дагуу шаардлагатай тооны муж улсууд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуралдааныг зохион байгуулахыг 40 муж улсууд нэгэнт дэмжсэн тул Конгресс нэмэлт, өөрчлөлттэй холбогдох ажлыг хэрэгжүүлэх үүрэгтэй гэж үзжээ. Төсвийн тэнцвэржүүлэлтийн тухай нэмэлт, өөрчлөлт оруулах нь улсын өрийн асуудлыг шийдвэрлэх үр дүнтэй хэрэгсэл болно гэсэн байна.

Эх сурвалж: https://www.foxnews.com/politics/house-budget-committee-chair-renews-calls-constitutional-convention-states-address-us-debt

Бэлтгэсэн: О. Дарханболд