“Үндсэн хуулийн болон захиргааны эрх зүйн суурь асуудал” олон улсын эрдэм шинжилгээний IV бага хурлыг МУИС-ийн Хууль зүйн сургууль зохион байгуулав.
2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр “Үндсэн хуулийн болон захиргааны эрх зүйн суурь асуудал” олон улсын эрдэм шинжилгээний IV бага хурлыг МУИС-ийн Хууль зүйн сургууль зохион байгуулав. Энэ хурлыг зохион байгуулахад МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн болон бусад байгууллага хамтран ажиллаа.
Тус олон улсын бага хурал нь хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэх, хууль дээдлэх ёсны бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах, Үндсэн хууль судлалыг өндөр түвшинд хүргэх, үндсэн хуульт байгууллын аюулгүй байдлыг хангах болон хууль зүйн боловсролд дэмжлэг үзүүлэх зорилгоор уламжлал болгон зохион байгуулагддаг билээ. Энэ жилийн хурал нь төрийн бүтэц, эрх мэдлийн хуваарилалт, Үндсэн хуулийн хяналт, хүний эрх, захиргааны эрх зүй, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, нийтийн өмчийн менежмент, тэдгээрийн татвар ногдуулалт, уул уурхай ба газар ашиглалт, төрийн өмчит аж ахуйн нэгж, тэдгээрийн арилжааны асуудал, мөн төрийн хариуцлага, сахилга бат зэрэг цаг үеийн тулгамдсан Үндсэн хуулийн болон Захиргааны эрх зүйн өргөн сэдвүүдийг хамарлаа.
Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний IV бага хуралд Монгол, Япон, ХБНГУ, Канад, БНСУ, ОХУ, Унгар зэрэг олон улсын нийт 23 эрдэмтэн, судлаач нар англи, монгол хэл дээр илтгэлээ танилцуулж, хэлэлцүүлсэн. МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн зүгээс тус хүрээлэнгийн захирал О.Мөнхсайхан, эрдэм шинжилгээний ажилтан С.Бат-Орших нар тус хуралд илтгэгчээр оролцож, өөрсдийн судалгааны ажлыг амжилттай хэлэлцүүлсэн юм.
Хурлын үйл ажиллагааг Легалдата болон Монголын Хуульчдын холбооны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан олон нийтэд хүргэсэн тул уул хуудаснаас нөхөж үзэх боломжтой. Хуралд хэлэлцэгдсэн нийт илтгэлүүд “Үндсэн хуулийн болон захиргааны эрх зүйн суурь асуудал” (Олон улсын эрдэм шинжилгээний IV хурлын эмхэтгэл) болон хэвлэгдэн гарах юм.
Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулсан МУИС-Хууль зүйн сургууль, хамтран ажилласан Япон улсын Нагояагийн их сургуулийн Хууль зүйн сургууль, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Монгол Улсын Дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Хууль зүйн үндэсний хүрээлэн, Нагояагийн их сургуулийн Азийн сателит кампус институт, Ханнс-Зайделийн сан, Азийн сан, Монголын Хуульчдын холбоо, Чимид сан, Эрх зүйн судалгааны цахим өгөгдлийн сан – Легалдатагийн хамт олон, мөн хуралд оролцсон нийт эрдэмтэн, судлаачид, оролцогчдодоо талархлаа илэрхийлж, цаашдын эрдэм судлал, ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.