"Үндсэн хууль манай сургуульд" төслийн номын нээлт зохион байгуулагдлаа.
МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгээс хэрэгжүүлсэн төслийн үр дүнд хэвлэгдсэн "Үндсэн хууль манай сургуульд: НҮБ-ын Хүний эрхийн ерөнхий хороодын ерөнхий тайлбар, сургалтын хөтөлбөр" номын нээлт 2023 оны тавдугаар сарын 26-ны өдөр МУИС-ийн төв номын сангийн 502 тоотод зохион байгуулагдлаа.
Энэхүү номын нээлтэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Улсын Их Хурлын даргын ажлын алба, Хүний эрхийн үндэсний комисс, Монголын хуульчдын холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын өмгөөлөгчдийн холбоо, МУИС-Хууль зүйн сургууль, Азийн сан, Ханнс-Зайделийн сан зэрэг олон нэр хүндтэй байгууллагуудын төлөөллүүд, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутнууд ирж оролцлоо.
Монгол Улсын Их Сургуулийн захирал П.Бадарч уг арга хэмжээг нээж үг хэлэв. Түүнчлэн МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн захирал, Хууль зүйн сургуулийн профессор О.Мөнхсайхан төслийн тухай болон номын ач холбогдлын талаар нээлтэд хүрэлцэн ирсэн эрхмүүдэд тайлбарлав. Үүний дараагаар УИХ-ын даргын зөвлөх О.Номинчимэг Үндсэн хууль манай сургуульд төслийн тухай үргэлжлүүлэн танилцуулав.
Ингээд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн зөвлөх профессор Х.Сэлэнгэ номын тухай сэтгэгдлээ хэлж, эцэст нь Хүрээлэнгийн зүгээс нээлтэд оролцсон бүх хүмүүст номын дээжийг бэлэг болгон гардуулснаар нээлтийн үйл ажиллагаа өндөрлөсөн юм.
МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн зүгээс Үндсэн хууль манай сургуульд төслийг дэмжиж, хамтран ажилласан бүхий л судлаач, байгууллага, хувь хүмүүс болон нээлтийн үйл ажиллагаанд ирсэн нийт зочиддоо гүн талархал илэрхийлж байна.