МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгээс ээлжит лекцээ амжилттай зохион байгууллаа.
МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгээс ээлжит лекцээ амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн лекцээр Япон Улсын Фүкүокагийн их сургуулийн Хуулийн сургуулийн профессор, доктор Такэсүэ Казумаса “Францын Үндсэн хуулийн зөвлөл, түүний шинэ бүрэн эрх” сэдвээр лекц уншсан юм.
Энэхүү лекцэд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Дотоод хэргийн их сургууль, Шихихутаг их сургууль зэрэг их сургуулийн багш, оюутнууд болон хуульч, судлаачид оролцлоо.
Профессор Такэсүэгийн лекцийн гол агуулгыг дараах байдлаар товчлон хүргэж байна:
“Үндсэн хуулийн зөвлөл (Conseil Constitutionnel) нь Францын V Бүгд Найрамдах Улсын Үндсэн хууль (1958 он)-аар үүсгэн байгуулагдсан бөгөөд тус институтийн чиг үүрэг анхандаа Парламентын эрх мэдлийг хязгаарлахад оршиж байв. 1962 онд Ерөнхийлөгчийн шууд, нийтийн сонгуулийн тогтолцоо нэвтэрч улс төр дэх Ерөнхийлөгч (Гүйцэтгэх эрх мэдэл)-ийн байр суурь ихээр нэмэгдэв. Үүнтэй холбоотойгоор хууль тогтоох эрх мэдлийг хязгаарлах бус, харин улам өргөжүүлж өдрөөс өдөрт хүчирхэгжиж байгаа гүйцэтгэх эрх мэдэлтэй эсрэгцүүлэх замаар улс төрийн тэнцвэртэй байдлыг хангах шаардлага бий болсон. Дээрх нөхцөл байдлаас шалтгаалж Үндсэн хуулийн зөвлөлийн чиг үүрэгт ч мөн холбогдох өөрчлөлт гарсан.
Харин Үндсэн хуулийн зөвлөлийн 1971 оны “Эвлэлдэн нэгдэх эрх, эрх чөлөө”-тэй холбогдох шийдвэрээс хойш, тус зөвлөлийн төрийн эрх мэдэл хооронд тохируулга хийх гэсэн уламжлалт чиг үүрэгт зарчмын шинжтэй өөрчлөлт орсон бөгөөд энэ нь хүний эрх, эрх чөлөөг төрийн эрх мэдлээс хамгаалах явдал байв. Улмаар 1974 онд Үндсэн хуулийн зөвлөлд гомдол гаргах эрх бүхий субъектийг нэмэгдүүлсэн. Өмнө нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Парламентын дээд болон доод танхимын дарга гэсэн 4 субъект гомдол гаргах эрхтэй байсан бол тус өөрчлөлтөөр дээрх 4 субъектээс гадна Парламентын дээд, эсхүл доод танхимын 60-с дээш гишүүн (энэ нь Парламент дахь цөөнхийг илэрхийлнэ) Үндсэн хуулийн зөвлөлд гомдол гаргах эрхтэй болов. Үүний үр дүнд, Үндсэн хуулийн зөвлөлд гаргах гомдол, тэр дундаа хүний эрх, эрх чөлөөтэй холбогдох гомдол мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдэж, Үндсэн хуулийн зөвлөлийн үйл ажиллагаа эрчимжсэн. Түүнчлэн 2008 оноос Үндсэн хуулийн зөвлөл зөвхөн “хэргийн өмнөх хяналт (ex ante review)”-ын тогтолцооноос гадна, “хэргийн дараах хяналт (ex post review)”-ын тогтолцоог ч мөн хэрэгжүүлдэг болов. Ингэснээр Үндсэн хуулийн зөвлөл бодит хэрэг маргаан гарсны дараа холбогдох хууль тогтоомж Үндсэн хууль зөрчсөн эсэх талаарх асуудлыг авч хэлэлцэж, Үндсэн хууль, түүнд тусгагдсан хүний эрх, эрх чөлөөг илүү үр дүнтэй хамгаалах боломжтой болсон.
Ийнхүү 1958 оноос хойш тухайн цаг үеийн нийгмийнхээ асуудал, өөрчлөлт шинэчлэлтээс хамаарч Үндсэн хуулийн зөвлөлийн чиг үүрэг, улмаар түүний бүрэн эрх өөрчлөгдөн хөгжсөөр иржээ.
Эцэст нь дурдахад, 1970-д он хүртэл Францад Үндсэн хуулийн зөвлөл нь улс төрийн байгууллага уу, эсхүл шүүхийн байгууллага уу гэх талаар маргаан мэтгэлцээн өрнөж байсан. Гэвч өдгөө энэ асуудал нэгэнтээ эцэслэгдсэн бөгөөд Францын Үндсэн хуулийн зөвлөлийг шүүх биш гэж маргах хүн нэг ч байхгүй болов уу. Энэ нь тус институтийн улс төрийн бодлогын асуудал бус хууль зүйн асуудал шийдвэрлэж буй чиг үүрэг, энэхүү үүргээ улс төрийн аливаа хүчнээс бие даасан, хараат бусаар гүйцэтгэж байгаатай шууд холбоотой юм. Тиймээс Үндсэн хуулийн зөвлөл бол түүний нэр ямар байхаас үл хамаарч (хэдийгээр “шүүх” бус “зөвлөл” гэсэн нэртэй ч), шүүхийн байгууллага буюу Үндсэн хуулийн шүүх мөн гэдэгт ямар ч эргэлзээ байхгүй.”
МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн зүгээс, бидэнд цаг зав гаргаж лекц уншсан профессор Такэсүэ Казумаса болон тус лекцэд хүрэлцэн ирсэн нийт зочдодоо гүн талархал илэрхийлж байна.