Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав

Нийтэлсэн огноо: 2023.06.28

Хуваалцах Жиргэх

МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн судалгааны хүрээлэнтэй “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгууллаа. Тус санамж бичигт МУИС-ийн ҮХЭЗХ-ийн захирал О.Мөнхсайхан, БНСУ-ын ҮХШСХ-ийн захирал И Хон Хван нар гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичиг нь шинжлэх ухааны хамтын ажиллагааг тэгш байдал, харилцан ойлголцлын үндсэн дээр хөгжүүлэх, талууд хоорондын харилцаа болон харилцан ойлголцлыг дэмжих үндсэн зорилготой. Уг зорилгын хүрээнд судалгаа хийх, түүний үр дүнг танилцуулах чиглэлд хамтран ажиллах, судалгааны материал, хэвлэл болон шинжлэх ухааны бусад мэдээлэл солилцох, бусад хамтын ажиллагааг дэмжиж, хөгжүүлэхээр тохиролцов.

Түүнчлэн талууд ойрын хугацаанд хамтран эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, судалгааны төсөл хэрэгжүүлэх, судлаачдыг сургалтанд хамруулах зэрэг тодорхой хэд хэдэн асуудлуудын талаар санал солилцсон бөгөөд бодит ажил хэрэг болгох тал дээр хоёр талаас идэвхийлэн оролцохоо илэрхийллээ. Мөн БНСУ-ын ҮХШСХ-ийн зүгээс МУИС-ийн ҮХЭЗХ-г “БНСУ-ийн Үндсэн хуулийн болон захиргааны эрх зүйн холбоо”-нд байгууллагын статусаар нэгдэх санал тавьсанд талархаж буйгаа илэрхийлье.

МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн нь Үндсэн хуульт ардчиллыг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг дотоодын хийгээд гадаадын их, дээд сургууль, адил чиг үүрэгтэй судалгааны хүрээлэн, төвүүдтэй хамтран ажиллаж, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг зорьдог. Манай хүрээлэнтэй хамтран ажиллахыг хүссэн бүхий л байгууллага, хувь хүнтэй бид хамтран ажиллахдаа баяртай байх болно.