АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп иргэний харьяалал олгох тогтолцоог өөрчилж чадах уу?

Нийтэлсэн огноо: 2026.06.04

Хуваалцах Жиргэх

АНУ-ын 47 дахь ерөнхийлөгч Доналд Трамп (Эх сурвалж: CBS News)

Иргэний харьяалал нь хувь хүн эрх зүйн этгээд байх урьдчилсан нөхцөл бөгөөд төр, иргэн хоорондын эрх зүйн харилцааны үндэс юм. Тийм ч учир иргэний харьяалал олгох тогтолцоог улс орнууд тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын хувьд онцгой ач холбогдолтойд тооцсоор ирсэн. Дэлхийн улс орнуудад төрснөөр иргэний харьяалал олгох хоёр үндсэн зарчим үйлчилдэг. Эдгээр нь ураг төрлийн зарчим (jus sanguinis) болон нутаг дэвсгэрийн зарчим (jus soli) юм. 

“Jus Sanguinis” буюу ураг төрлийн зарчим ёсоор хүүхдийн төрсөн газрыг үл харгалзан эцэг, эхийн харьяаллыг хүүхдэд олгодог. Өөрөөр хэлбэл, хүүхэд аль улсад төрснөөс үл шалтгаалж эцэг, эхийнхээ улсын харьяаллыг олж авдаг байна. Харин “jus soli” буюу нутаг дэвсгэрийн зарчим ёсоор эцэг, эхийн харьяаллыг үл харгалзан хүүхэд төрсөн улсынхаа харьяалалтай болдог. Өдгөө нутаг дэвсгэрийн зарчмыг дэлхийн 30 гаруй улсад хэрэгжүүлж байна.

АНУ нь нутаг дэвсгэрийн зарчмыг хэрэгжүүлдэг бөгөөд тус улсын нутаг дэвсгэр дээр төрсөн хүүхэд бүр эцэг, эхийнхээ харьяаллаас үл шалтгаалан АНУ-ын харьяалалтай болдог. Үүнийг АНУ-ын Үндсэн хуульд 1866 онд оруулсан 14 дүгээр нэмэлт өөрчлөлтөд тусгасан. Тус нэмэлт өөрчлөлтөд “Америкийн Нэгдсэн Улсад төрсөн буюу хууль ёсны дагуу нутаглан суурьшсан бүх хүн Америкийн Нэгдсэн Улсын буюу оршин суугаа муж улсынхаа иргэн байна. …” хэмээн заасан байдаг.

Үндсэн хуулийн 14 дүгээр нэмэлт өөрчлөлт батлагдахаас өмнө АНУ-ын Дээд шүүх Dred Scott v Sandford (1857) хэргийг шийдвэрлэхдээ африк гаралтай америкчуудыг АНУ-ын иргэний харьяалалтай болох боломжгүй гэж үзэж байсан бол хожим United States v. Wong Kim Ark (1898) гэх алдартай хэргийг шийдвэрлэхдээ АНУ-д төрсөн хүн бүр тус улсын иргэн мөн болохыг албан ёсоор баталгаажуулсан түүхтэй. Тодруулбал, Вон Ким Арк нь 1873 онд АНУ-ын Сан-Франциско хотод БНХАУ-ын цагаач гэр бүлд төрсөн. 1895 онд түүнийг БНХАУ-д зорчоод буцаж ирэхэд нь Хятад иргэдийг албадан гаргах хууль (Chinese Exclusion Act)-ийн дагуу хятад иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглоно гэх үндэслэлээр хилээр нэвтрүүлэхээс татгалзсан байна. Вон Ким Арк Үндсэн хуулийн 14 дүгээр нэмэлт өөрчлөлтийн дагуу АНУ-ын иргэн болсон тул эх орондоо чөлөөтэй нэвтрэх эрхтэй хэмээн үзэж, өөрийг нь хууль бусаар саатуулж байгааг эсэргүүцэн шүүхэд хандсан байна. Шүүх АНУ-д төрсөн хэн бүхэн эцэг эхийнх нь харьяаллаас үл хамааран Үндсэн хуульд заасны дагуу АНУ-ын иргэн мөн болохыг тогтоосон юм.

Харин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ-ын иргэний харьяалал олгох дээрх тогтолцоог эсэргүүцэж, Үндсэн хуулийн 14 дүгээр нэмэлт өөрчлөлтийн уламжлалт тайлбарыг өөрчлөх хүсэлтэй байгаагаа удаа дараа мэдэгдэж байсан юм. Учир нь АНУ-д хууль бусаар оршин сууж буй хүмүүсээс төрсөн хүүхдүүдэд тус улсын иргэний харьяалал олгох нь хууль бус цагаачлалыг өдөөж, хүүхдээ АНУ-ын иргэн болгох зорилгоор тус улсад төрж буй иргэдийн урсгал сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгаатай холбон тайлбарласан байна. 2022 онд хийгдсэн судалгаагаар АНУ-д хууль бус цагаач гэр бүлээс 1.2 сая иргэн төрж тус улсын харьяалалтай болсон бөгөөд энэ тоо 2050 он гэхэд энэ тоо 4.7 саяд хүрнэ гэж Шилжилт хөдөлгөөний бодлогын хүрээлэнгийн судалгааны төв мэдээлжээ.

АНУ-ын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар харьяалал олгох дээрх тогтолцоог халах боломжтой боловч Төлөөлөгчдийн танхим болон Сенатын гуравны хоёрын санал, мөн АНУ-ын нийт мужуудын дөрөвний гурвынх нь зөвшөөрөл шаардлагатай. Иймд энэхүү маргаантай асуудлыг шийдвэрлэхийн тулд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах өндөр шалгуурыг давах шаардлагатай юм. АНУ-ын Үндсэн хууль 1789 онд батлагдсан бөгөөд ердөө 27 удаа нэмэлт өөрчлөлт орж байсан түүхтэй.

Ашигласан эх сурвалж:

  1. The Constitution of the United States, 1789

  2. Иргэний харьяалал ба шилжих хөдөлгөөн: Оюутны гарын авлага, УБ., 2013

  3. М.Дүгэрсүрэн, О.Хосбаяр, Олон улсын эрх зүй, УБ., 1999

  4. https://www.bbc.com/news/articles/c7vdnlmgyndo 

  5. https://www.cbsnews.com/news/what-is-birthright-citizenship/

Бэлтгэсэн: Б.Билэгдэмбэрэл