Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон үр хөндөлт хийлгэх эрхийг Үндсэн хуульд тусгах төлөвлөгөөгөө зарлав

Нийтэлсэн огноо: 2023.12.12

Хуваалцах Жиргэх

Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон (Эх сурвалж: Britannica)

Франц Улс 1975 онд үр хөндөлт хийлгэх эрхийг хуульчилсан бөгөөд түүнээс хойш хэд хэдэн хууль баталж энэхүү эрхийг сайжруулсан байна. Харин энэ удаад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар эмэгтэйчүүдийн үр хөндөлт хийлгэх эрхийг хамгаалах гэж буйгаа мэдэгдлээ. Тухайлбал, Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон үр хөндөлт хийлгэх эрхийг үндсэн хуульд тусгах үүднээс, засгийн газар Захиргааны дээд шүүх болох Төрийн зөвлөлд хуулийн төслийг өргөн барина хэмээн өөрийн цахим хуудсандаа мэдэгджээ. Тэрээр 2024 онд эмэгтэйчүүдийн үр хөндөлт хийлгэх эрх “салшгүй” эрх болно гэж мэдэгдсэн байна.

Үр хөндөлт хийлгэх эрхийг Үндсэн хуульд тусгахыг уриалж байгаа нь 2023 оны гуравдугаар дугаар сарын 8-нд буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан амласан зүйлтэй холбоотой юм. Эммануэль Макрон хэлэхдээ, Францын энэхүү санаачилгыг "үр хөндөлт хийлгэх эрх нь зөрчигдсөн эмэгтэйчүүдэд чиглэсэн эв нэгдлийн бүх нийтийн уриалга" гэж үзэх ёстой гэжээ. Энэ нь өнгөрсөн жил АНУ-ын Дээд шүүх үр хөндөлт хийлгэх эрхтэй холбоотойRoe v. Wade хэргийг хүчингүй болгож, эмэгтэйчүүдийн үр хөндөлт хийлгэх эрхийг үндсэн хуулиар хүлээн зөвшөөрөөгүй гэж шийдвэрлэсэнтэй шууд холбоотой юм. АНУ-ын Дээд шүүхээс Үндсэн хуулиар олгогдсон үр хөндөлт хийлгэх эрхийг хүчингүй болгох шийдвэр гаргасан нь Францад “өнгөрсөн рүү буцах” боломжтой гэдгийг сануулсан цочирдом мэдээ болсон байна.

   Үр хөндөлт хийлгэх эрхийг Үндсэн хуульд оруулах тухай хуулийн төслийн талаарх сенатын санал хураалтын дүнг дэлгэцээр харуулжээ. (Эх сурвалж: CNN, Ludovic Marin/AFP/Getty Images)

Франц Улсад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахын тулд бүх нийтийн санал асуулга явуулах эсвэл парламентын хоёр танхимын гишүүдийн тавны гурваас доошгүй гишүүдийн санал авах шаардлагатай байдаг. 2022 оны арваннэгдүгээр сард явуулсан санал асуулгад оролцогчдын 86 хувь нь үр хөндөлт хийлгэх эрхийг Үндсэн хуульд тусгахыг дэмжсэн байна.

Хэдийгээр үр хөндөлт хийлгэх эрх Франц Улсад өргөн дэмжлэг авсан ч зарим хууль тогтоогчдын шүүмжлэлийг мөн дагуулав. Франц Улсын Үндэсний ралли намын ерөнхийлөгч Жордан Барделла үр хөндөлт хийлгэх эрхэд аюул учраагүй тул Үндсэн хуульчлах нь утгагүй гэж үзжээ. Тэрээр “Франц Улс АНУ-ын 51 дэх муж биш” хэмээн Францын телевизээр хэлсэн байна.

Мөн нийтийн эрх зүйн профессор, Үндсэн хуулийн эрх зүйн эксперт Стефани Хеннетт-Ваушез Үндсэн хуульд амжилттай нэмэлт, өөрчлөлт оруулж чадвал, Франц Улс үр хөндөлт хийлгэх эрхийг Үндсэн хуульдаа тусгасан анхны улс болох талаар дурджээ.

Мэдээ бэлтгэсэн: Н.Оюунтунгалаг